Энэ жил Хятад голчлон Монгол, Оросоос коксжих нүүрс импортлох бөгөөд сүүлийн хэдэн жилийн чиг хандлага хэвээр байна гэж S&P Global, Platts мэдээлжээ. Хэдийгээр 2023 онд Хятад албан бус хоригоо цуцалсан ч Австралиас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 2017 оны 44 сая тонны тал хувьд ч хүрээгүйг мэдээнд дурдсан байна. Хятадын 2024 онд Австралиас импортлох коксжих нүүрсний хэмжээ өмнөх жилийнхээс хоёр дахин нэмэгдэж 15-20 сая тонн хүрэх боломжтой гэж S&P Global компанийн шинжээч Пол Бартоломью төсөөлжээ.
Монголоос импортлох коксжих нүүрсний хэмжээ энэ онд 55-60 сая тонн байх магадлалтайг Donghai Futures компанийн шинжээч таамагласан байна.
Хятад нүүрсний импортын татвараа дахин сэргээсэн нь Монголын нүүрсний олборлолтын зардлыг тонн тутамд 30-50 юаниар (4.15-6.9 ам.доллар), Оросын олборлолтын зардлыг 80-90 юаниар нэмэгдүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн онд Хятад 26.64 сая тонн коксжих нүүрс Оросоос импортолсон бол энэ жил мөн хэмжээгээр худалдан авна гэж Donghai Futures компани тооцоолжээ. 2023 онд БНХАУ-ын импортолсон 102.94 сая тонн коксжих нүүрсний 78 хувийг Монгол, Орос, 13 орчим хувийг АНУ, Канад нийлүүлсэн байна. Канадын нүүрсний олборлолт буурсантай холбоотойгоор 2024 онд тус улсын Хятад руу нийлүүлэх хэмжээ 7.3 сая тоннд хүрч багасах төлөвийг China Securities Co (CSC) хөрөнгө оруулалтын банк дэвшүүлжээ.
2024 онд Хятадын коксжих нүүрсний эрэлт өнгөрсөн онтой харьцуулахад бага зэрэг өснө гэж S&P Global мэдээлжээ. Учир нь тус улсын гангийн гол хэрэглэгч болох үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцийн салбарууд сул хэвээр байгаа нь гангийн эрэлтийг хязгаарлаж байна. Хятад улсын гангийн хэрэглээний 30 орчим хувийг үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбар эзэлдэг тул гангийн түүхий эдийн нэг коксжих нүүрсний эрэлтэд шууд нөлөөлдөг. 2020 оноос Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямрал үргэлжилж байгаа юм. Тэгвэл сүүлийн үед тус улсын орон нутгийн засаг захиргааны өрийн өсөлт нь дэд бүтцийн салбарт дарамт болж буй ажээ. 2024 онд Хятадын коксжих нүүрсний эрэлт 595.64 сая тонн байх төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 0.9 хувиар өсөх үзүүлэлт болохыг Tianfeng Securities компанийн Шиа Мэн шинжээч онцолжээ. Тэрээр “Гангийн үйлдвэрлэл нь Хятадын эдийн засгийн тулгуур багана хэвээр тул уруудлаа ч тэгтлээ муудна гэж таамаглахгүй байна. Гэхдээ 2024 оны үлдсэн хугацаанд коксжих нүүрсний эрэлт тийм өөдрөг байхгүй” гэж үзэж байна. Хятадын нүүрсний хэрэглээ 2022 онд 2.8 хувь, 2023 онд 4.6 хувиар тус тус өсжээ.