2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж буй энэ мөчид (2024.06.10) 2020 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө эрдэс баялгийн салбартай холбогдох ямар агуулгууд оруулж байсан тухай дүгнэн шинжилсэн нийтлэлийг сонирхуулъя. Энэхүү нийтлэл 4 жилийн өмнөх яг энэ өдөр Mongolia Focus вэбсайтад англиар нийтлэгдэж байжээ.
Ирэх дөрвөн жил эрдэс баялгийн салбар ямар өнгөтэй байх вэ гэдэг ирж буй сонгуулиас шууд хамаарна. Эрх баригч нам болон сөрөг хүчин, нийгмийн талархлыг багагүй хүртэж байгаа шинэ хүчин УИХ-ын сонгуульд ялбал, тодорхой суудал авбал геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар ямар бодлого баримтлах вэ гэдэг маш чухал. Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн зүтгүүр байсаар ирсэн ч популист улстөрчдийн амны уншлага болж, тэр хэрээр эрх зүйн орчин нь дээрдэхгүй байгаа салбарынханд улс төрийн намууд юу амлаж байгааг сонирхсон юм.
Цар тахлын хөл хорионы үеэр тохиож буйн улмаас тодорхой хязгаарлалтын дор явагдах энэ сонгуульд Монголын парламентын сонгуулийн түүхэн дэх хамгийн олон буюу 606 хүн нэр дэвшив. Найм дахь удаагийн УИХ-ын сонгуульд 13 нам, 12 нам нэгдсэн дөрвөн эвслээс нийтдээ 485, бие даагч 121 хүн өрсөлдөж байгаа юм. Мөн хамгийн олон бие даагчтай сонгууль болох нь. Тэдний дунд улс төрийн хоёр том хүчний экс гишүүд, бүр лидер асангууд ч багтсан. Түүнчлэн хамгийн олон залуус сонгуульд дэвшиж, хүн амд голлох жин эзэлдэг залуу үе хүч түрэн орж ирэв. Сонгуулийн түүхэнд анх удаа хөл хорионы улмаас эх орондоо ирж чадаагүй 3 нэр дэвшигч хилийн чанадаас цахимаар өрсөлдөж байна. Бүр хорих ангиас сонгуульд оролцож буй нэр дэвшигч гээд энэ сонгуулийг шинэлэг болгох үзэгдэл үзэгдлүүд цөөнгүй.
Сонгуулийн эргэн тойронд энэ мэт сонирхолтой үзүүлэлт, харьцуулалт олныг гаргаж болох ч энэ удаа нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт шигтгэгдсэн эрдэс баялгийн салбартай холбогдох агуулгад анхаарал хандуулъя. Томсгосон тойрог, олон мандат бүхий хувилбараар явагдах энэ сонгуульд 30 жил төрийн эрх ээлжлэн барьсан Монгол Ардын нам, Ардчилсан намын дунд гол өрсөлдөөн өрнөнө. Түүнчлэн гуравдагч хүчний орон зайд хүчтэй өрсөлдөнө гэж таамаглаж буй “Зөв хүн электорат” эвслийн өрсөлдөх хөтөлбөрийг дээрх хоёр намтай харьцуулав.
Сонгосон гурван хүчин төдийгүй сонгуульд оролцох бүх л нам, эвслийн мөрийн хөтөлбөрт эрдэс баялгийн асуудал томоохон байр суурь эзэлжээ. Чингэхдээ байгалийн баялаг, орлогын хуваарилалтыг хэрхэн удирдахад гол агуулга чиглэсэн байна. Тэр тусмаа улс төрийн жижиг намууд, тэднээс бүрдсэн эвслүүд онцгой, гойд байдлаар анхаарал татахын тулд эрдэс баялгийн салбарт өвөрмөц реформ хийх, зарим талаар балмад жигтэй гэхүйц бодлого баримтлахаа танилцуулсан нь ч байна.
Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг оны эхний улиралд 10 гаруй хувиар унаад байгаа. Сонгууль өнгөрмөгц ил гаргахыг хүсээгүй том хямралтай нүүр тулна. Өнөө маргаашдаа хамгийн түрүүн туулах хүндрэл энд оршиж буй тул сонгуулийн дараа улс орноороо хэрхэн амьдрах, унасан эдийн засгаа яаж босгох, гадаад зээлийн эргэн төлөлтийн хүндрэлийг хэрхэн давахаар томьёолж буйг хөтөлбөрүүдээс хайв. Цар тахлаас үүдсэн хүндрэлээс гарах асуудлыг АН, МАН хоёр л авч үзжээ. Бусад нам, хүчний хувьд чимээгүй өнгөрсөн нь парламентад гол суудал авч, ачаа үүрнэ гэж найдаагүйнх биз.
Геологи, хайгуулын асуудлыг шийдвэрлэнэ
МАН-ын мөрийн хөтөлбөрт,
-Геологи хайгуулын ажилд тулгарч буй асуудлыг нэг мөр шийдэж, геологи хайгуулын ажлуудыг шууд эхлүүлнэ. Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гомдлыг шийдвэрлэх талаар эрс шинэчлэлт хийнэ, улсад өгөөж өгөх хөрөнгө оруулалтын төслүүдэд татварын тогтворжуулалт олгох гэсэн нь анхаарал татав.
МАН-ын Засгийн газрын өнгөрсөн дөрвөн жилд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 20 жил олгосон үндсэн концепц өөрчлөгдсөн юм. 2017 онд тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгох зарчмыг халж, зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор зохицуулснаар геологи хайгуулын салбарын хөгжил хязгаарлагдаж, хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон билээ. Улмаар 2020 оны турш хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг бүрэн зогсоох шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар гаргасан. Үндсэндээ геологи, хайгуулын салбар бүрэн уналтад орсон нь МАН-ын бодлоготой холбоотой. Лицензийн наймаа зэрэг хууль бус үйлдлүүдийг таслан зогсоохын тулд гэж эрх баригчид өөрсдийгөө хаацайлдаг ч энэ салбарын бодлого хэзээ цэгцэрч, хэрхэн хөгжих нь одоогоор тодорхойгүй байна.
АН-ын хөтөлбөр дэх анхаарал татсан агуулга нь Ашигт малтмалын тухай хуульд даруй өөрчлөлт оруулах, улмаар 2019-2020 онд тусгай зөвшөөрлийг нь цуцалсан болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордуудыг төрд хурааж авсантай холбоотой хөрөнгө оруулагчдыг гомдол, маргааныг шийдвэрлэх, гацсан төслүүдэд боломж гаргах тухай санаа юм. Энэ нь эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогодоо нөөцийг өсгөнө, ашигт малтмалын эрэл хайгуулын зөвшөөрлийг олон улсын стандартын дагуу олгож эхэлнэ гэж лавшруулснаас улам тодорхой болж байна. Ямартай ч геологи хайгуул дээр өнөө маргаашаа биш арай алсаа харсан алхам юм.
Тэгвэл МАН-ын хөтөлбөрт геологи, хайгуултай холбогдох дараах 2 заалт байна.
-Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулан, нөөц нь тогтоогдсон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.
-Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.
Улсын төсвийн гэж тодотгосныг анхаарна уу. Эндээс харвал сонгон шалгаруулалтаар лиценз олгох зарчим тууштай үргэлжлэх нь. Улмаар ашигт малтмалын нөөц илрүүлэх, хайх ажилд төр давамгай оролцоно, түүний хэрээр өндөр эрсдэл хүлээгээд явна гэсэн үг. Цаашлаад Монголд хайгуулаас өөр гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол татах, идэвхжүүлэх төсөл хомс тул хөрөнгө оруулалт татах томоохон нэг үүсвэр царцанги хэвээр байна гэсэн санаа.
“Зөв хүн электорат” эвслийн хувьд геологи хайгуул гэсэн үг, үсэг үгүй боловч уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангана гэжээ. Мөрийн хөтөлбөрт нь хувийн хэвшлийн оролцоо, хариуцлага, хөрөнгө оруулалтыг түлхүү татах зарчим шингэснээс харвал МАН-ын төрийн оролцоог өөгшүүлсэн бодлогын эсрэг агуулга юм.
Бүгдийн хүсэл-Баялгийн тэгш хуваарилалт
Намуудын хөтөлбөрт бүгдэд суусан зарчмын шинжтэй асуудал бол Баялгийн сан. Өнгөрсөн тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх” зарчмыг хуульчилсан тул баялгийн хуваарилалтын талаарх бодлогоо намууд зарлах нь зүйн хэрэг.
МАН Баялгийн сангийн хууль гаргаж, уул уурхайгаас төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэн, санд жилд нэг их наяд төгрөгөөс багагүй хуримтлал бий болгох, сангаас санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж, хөрөнгийг арвижуулах, төрөлжилтийг хангах үндэсний хэмжээний томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого томьёолжээ. Улмаар Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч 150 мянган өрхийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ гэсэн юм. Түүнчлэн, Ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдож байх эрх зүйн зохицуулалт хийнэ гэсэн нь Баялгийн сангийн хууль гаргахаа хэлж байна уу, эсвэл өөр шинэ хууль уу гэдгийг тодорхойлох аргагүй байна.
Түүнчлэн баялгийн өгөөжийг ард түмэнд дараах арга замуудаар хүртээхээр тодорхойлжээ.
-Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.
-Оюутолгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих Нийгмийн хариуцлагын сан байгуулна.
Нийгмийн хариуцлагын сан байгуулна гэснийг тогтож харна уу. Монголд юу л байна, сан бий. Тэр тусмаа мөнгө хуримтлуулж, хуваарилдаг Засгийн газрын тусгай сангууд цөөдөөгүй ба тэдгээр нь дийлэнхдээ асар муу түүх, замналтай. Тусгай сангаар дамждаг төрийн мөнгийг улс төрийн шийдвэрээр зориулалт бусаар, хяналтгүй зарцуулах, авлигад идэгдэх, үр ашиггүй ажиллах тохиолдол өнгөрсөн жилүүдэд хавтгайрсан. Зорилго нь хэчнээн гэгээн сайхан ч бас нэг төрлийн ЖДҮ сан бий болох вий гэх болгоомжлол эрхгүй төрж байна. Сонирхуулахад МАН-ын мөрийн хөтөлбөрт маш олон сан шинээр байгуулах санаа бий. Дээр дурдсан 3 шинэ сангаас гадна Залуучуудын хөгжлийг дэмжих, Экспортын баталгааны, Эрсдэлийн болон Малчдын дундын сан гээд гоё нэртэй, мөнгө төвлөрүүлж хуваарилах сангууд цөөнгүй мэндлэхээр харагдаж байна.
АН-ын тухайд мөн л баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ гэсэн бөгөөд МАН-тай яг ижлээр иргэдийг орон сууцаар хангах дэд санг Баялгийн сангийн дэргэд байгуулах санаа сэджээ. Засгийн газар, Монгол банк дээр байгаа давуу эрхийн бондуудыг шилжүүлэх, улмаар уг дэд санг үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр идэвхтэй оролцуулах санаа байгаа аж. Чингэхдээ сангийн хуримтлалыг орон сууц төдийгүй өрхийн бизнес, санхүүг дэмжсэн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулна гэж ялимгүй дэлгэрүүлсэн юм.
Харин эрс ялгарсан нэг өнцөг нь Баялгийн санд төвлөрүүлэх орлогыг шууд заасан ба тэр нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. АМНАТ-ийг улсын төсвийн орлогоос тусгаарлан, зөвхөн 5 хувийг төсөвт, үлдсэнийг Баялгийн санд хуримтлуулж, мэргэшсэн байгууллагаар санг удирдуулна гэжээ. АМНАТ бол онцгой ач холбогдол бүхий татвар. Уул уурхайгаас олж буй нийт орлогын гуравны нэг, улсын төсөв рүү ордог орлогын бараг 50 орчим хувийг эзэлдэг. Ийм том жин эзэлдэг АМНАТ-ийг өм цөм авчихаар Улсын төсөв, байгалийн баялгийн орлогыг хуримтлуулж хойч үедээ үлдээх Ирээдүйн өв сан, 21 аймаг, нийслэл хот руу хуваарилдаг ОНХНС-гийн хуримтлалыг юугаар орлуулах вэ, эсвэл зарим нь шаардлагагүй болох уу гэх асуулт урган гарч ирнэ. Гэвч хариулт мөрийн хөтөлбөрт тун ч бүрхэг үлджээ.
Үүний зэрэгцээ АН-ын хөтөлбөрт орлогын хуваарилалттай холбоотой бас нэг заалт бий.
-Байгалийн баялгаас улсын төсөвт орж байгаа орлогын 30 хүртэлх хувийг орон нутагт нь шууд хуваарилах тогтолцоо бүрдүүлнэ.
Уул уурхайн үйлдвэрлэл явж буй орон нутагт илүү их орлого хуваарилах нь орон нутаг төдийгүй уул уурхайн компанийн аль алиных нь хүсэн хүлээдэг зохицуулалт юм. Орон нутаг уул уурхайн салбарт таагүй ханддагийн нэг том шалтгаан нь уул уурхайн үр өгөөж орон нутагт наалдацгүй явдал. Орон нутгаас зөвшөөрөл авах гол хөшүүрэг болох энэ зохицуулалт болон АМНАТ-ийг Баялгийн санд хуримтлуулах зорилтоо АН төсвийн орлого, зарлагын реформ гэж томьёолжээ. Эдийн засгийг уул уурхайн хараат бус байдлаас гаргахын тулд төрөлжүүлэх, төсвийн реформ хийх нь мэдээж чухал, зайлшгүй алхам боловч хэрэгжих бодит бололцоо нь харин тунчиг бүдэг харагдана. Юутай ч АН, МАН аль алиных нь томьёолж буйгаар уул уурхайн орлого 4 биш 5 хэсэгт хуваарилагдах нь тодорхой байна.
“Зөв хүн электрот” эвслийн хувьд “Байгалийн баялгийг эдийн засгийн зөв бодлого л бүгдэд хүртээмжтэй орлого болгоно” гэж томьёолоод “тогтворжуулалтын болон хуримтлалын санг арвижуулна”, “иргэн бүрд жигд боломж, нөхцөлийг олгосон баялгийн шударга хуваарилалтыг хэрэгжүүлнэ” гэжээ. Ер нь тус эвслийн мөрийн хөтөлбөр гол зарчим, хандлагаа тодорхойлсон концепцийн шинжтэй. Үүгээрээ АН, МАН-ын нийгмийн бүх л харилцааг хамарсан амлалтын нүсэр жагсаалтаас эрс ялгаатай төдийгүй шинэлэг гэхээр.
Стратегийн ордуудын стратегигүй ирээдүй
Уул уурхайн салбарыг дэмжиж, зөв удирдах бодлого намуудын хөтөлбөрт хэрхэн суусныг тандаж болох чухал нэг хэсэг бол томоохон орд газруудыг чиглэх хандлага юм. “Зөв хүн электорат” бүс нутагтаа өрсөлдөхүйц хэмжээний үндэсний корпорациудыг тэтгэн хөгжүүлнэ гэжээ. Энэ нь Монголын байгалийн баялаг дээр суурилсан уул уурхайн томоохон компаниуд бий болох суурийг бодлогоор тавина гэж ойлгож болно. Гэхдээ яаж гэдэг нь тодорхойгүй.
МАН том төслүүдийг түлхүү дэмжих бодлоготой байна. “Хөгжилд хүргэх мега төслүүд” нэртэй уг хэсэгт Тавантолгойн ордын цогц ашиглалт, Оюутолгойн далд уурхай, Цагаансуварга, Хармагтай, Асгатын болон Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна хэмээн нэр заан жагсаажээ. Стратегийн ордод бүртгэгдсэн, 2008 оноос хойших үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ёс мэт оруулсаар ирсэн Гацууртын ордын талаар огт дурдаагүй нь сонин. Ашиглалтад бэв бэлэн уг төслийн хувьд анх удаа анхаарлын гадна үлдэж байгаа тохиолдол юм. Түүнчлэн 100 хувь төрийн мэдэлд авсан, 49 хувийг хувьчилж авсан хөрөнгө оруулагчтай хэрэг маргаантай “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд орон нутгийн өмчит катодын зэсийн үйлдвэрийг түшиглэж барина гэхээс өөрийг хэлээгүй.
Тэгвэл АН “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах замаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлнэ гэсэн нь анхаарах ёстой чухал агуулга мөн. Зөвхөн “Эрдэнэт” төдийгүй “Эрдэнэс Тавантолгой” болон бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгон биржээр хувьчлах зорилт нь АН-ын хөтөлбөр дэх хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, төрийн хязгаарлагдмал оролцоог дээдэлсэн зарчмын байр суурьт нь хамгийн нийцсэн юм.
“Зөв хүн” эвсэл ч АН-тай адилхан “уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг улстөрчид ба намын нөлөөллөөс ангижруулж, иргэдийн хяналттай нээлттэй хувьцаат компани болгож, Монгол Улсын иргэд, төр, бусад хувьцаа эзэмшигчдийн тэнцвэрт харилцааг тогтооно” гэжээ. Төрийн өмчит компанийг хувьцаат болгож, олон нийтийн хяналтад оруулах нь нийт ард түмэн ногдол ашиг хэлбэрээр үр өгөөжийг хүртэхээс гадна улс орны ирээдүй, эдийн засагт ч чухал алхам болно. Төрийн өмч тойрсон булхай, луйвар, “шахаа”-ны асуудал ч цэгцэрнэ, олон нийтийн хүлээлт ч ийм тул бодит байдлыг харсан байр суурь юм.
Улиг болсон хүнд үйлдвэрийн төслүүд
Харьцуулан буй гурван хүчин ирэх дөрвөн жилд нэжгээд хүнд үйлдвэр, тодруулбал Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэнд хийгдээгүй хүнд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалт өрнүүлэх нь. Мөрийн хөтөлбөрүүд дэх хамгийн авангард амлалтууд тул түүний хэрээр цаасан дээр үг хэвээр үлдэх магадлал өндөр. Арай даруухнаас нь эхэлбэл, “Зөв хүн электорат” эвсэл зэс боловсруулах, хар төмөрлөгийн үйлдвэрлэлд тэргүүлэх ач холбогдол өгөх ба коксын үйлдвэр, ган хайлуулах үйлдвэр, нүүрснээс химийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулсан тохиолдолд гааль, НӨАТ болон эхний таван жилд ААНОАТ-аас чөлөөлнө гэжээ.
АН-ын хувьд төмөрлөгийн үйлдвэрлэлийг сэргээнэ, газрын тос олборлогчоос шатахуун үйлдвэрлэгч болно, боловсруулах үйлдвэрлэлийг эдийн засгийн тулгуур болгох ба ган, ширэм, зэс, нүүрс-химийн болон газрын тос, газрын ховор элементийн боловсруулах үйлдвэрлэлийг үе шаттайгаар байгуулна. Тодруулбал, Оюутолгой ордыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, Тавантолгойн ордыг түгшиглэн Кокс-химийн үйлдвэр барих, Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн ордуудыг түшиглэн металлургийн цогцолбор, Вольфрамын баяжмал гүн боловсруулах үйлдвэр, Чойрт нүүрс химийн үйлдвэр, Говьсүмбэрт жилд 16 сая тонн нүүрснээс кокс, улмаар 15.0 сая тонн ширэм, ган үйлдвэрлэх хар төмөрлөгийн цогцолбор байгуулна. Эдгээрээс газрын ховор элементийг боловсруулах үйлдвэрээс бусдыг нь бид олон жил сонссоор, танил хүний нэр шиг болчихсон.
Энэ дашрамд АН-ын хөтөлбөрт нэгэн хачирхам заалт байгаа нь Монголын алтыг Монголд үлдээнэ гэх өгүүлбэр. Эхний сэтгэгдэлд шууд л эдүгээгийн Ерөнхийлөгчийн 2018 оны мэдэгдэл санаанд буув. “Алтны салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушааж байх хатуу болзол тулгана. Би ийм хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барина” гэж билээ. Ерөнхийлөгчийн хоёр жилийн өмнөх мэдэгдэл АН-ын хөтөлбөрт ингэж томьёологдов уу, эсвэл 20 тонн алт хайлуулах үйлдвэр байгуулах зорилтоо ингэж хэлсэн үү, ойлгоход бэрхтэй. Хэрэв алт хайлуулах үйлдвэр байгуулахыг хэлж байгаа бол арай өөрөөр томьёолж болохоор. Бодит нөхцөл байдлын үүднээс үзвэл алт олборлогч компаниудыг дэмжиж, Монгол банкинд таатай нөхцлөөр борлуулдаг өнөөдрийн системийг хадгалж, мөн алт цэвэршүүлэх үйлдвэр барих нь гэж ойлгогдохоор байна.
МАН уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах чиглэлд хамгийн олон хүнд үйлдвэр байгуулна. Хөтөлбөрт бичсэнээр манай улс улирал тутамд нэг, ирэх дөрвөн жилд 10 нэлээд гарсан тооны хүнд үйлдвэрийг цогцолбороор нь ашиглалтад хүлээн авна. Тэдгээр тодорхой амлалтын зах зухаас танилцуулбал, Газрын тос боловсруулах цогцолбор, Тавантолгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл, нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэх, үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэр, зэс болон бусад металл хайлах үйлдвэр, Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх, Налайх дүүрэгт “Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэр –II”, Дорноговь аймагт төмөр, ган ширэм боловсруулах, коксын үйлдвэр байна. Эдгээр төслүүд өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч байсан гэдгийг хэлэхэд илүүц биз ээ. Ганц газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл л хэрэгжиж эхлээд байгаа.
Дэд бүтцийн олон төмөр зам болон авто замууд баригдаж, цахилгаан станцууд сүндэрлэнэ. Мөн л уртаас урт жагсаалтаараа МАН тэргүүлж байна. Тэнд өнгөрсөн жилүүдэд яригдсан, төлөвлөсөн, эргэж буцсан бүх төслүүд ярайтал эгнэжээ. АН араас нь дутах юу билээ, чамгүй хэдийг тоочив. “Зөв хүн электорат” хамгийн цөөнийг санал болгосон нь уншихад ч, хүлээн зөвшөөрөхөд ч дөхөм байлаа. Нүүрсний экспортод зориулсан төмөр зам барина, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлнэ, Оюутолгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах бодлого баримтална гэсэн нь төсөөлөлд хамгийн бодитой бууж байна. Эвслийн хөтөлбөрт байгаа хамгийн содон санаа бол гадаадын банкууд тэнцвэртэй ажиллах эрх зүйн орчинг нээх замаар бизнесийн зээлийн сарын хүүг нэг хувиас доош буулгах бодлого. Улс төрийн том хүчнүүдийн хамгийн их цэрвэдэг сэдвийг барьж авсан нь зоримог алхам гэлтэй.
Мөрийн хөтөлбөрүүдийг ерөнхий том агуулгаар нь харвал “Зөв хүн электорат” эвсэл өнгөрсөн хугацааны түүхээ ардчиллын болон тогтолцооны гажуудал гээд түүнийг засна гэсэн тактиктай орж байгаа бол МАН хийж бүтээсэн ажлаараа, хэвтэрт орсон эдийн засгийг босгож ирсэн гэх тугийг өмнөө барьж байна. Харин АН-ын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн МАН-ын алдаа дутагдал, хийсэн ажлыг илүүтэй онилсон шинжтэй. Ерөнхий агуулгыг эрдэс баялгийн салбарт буулгаж харвал бүгдээрээ л хариуцлагатай уул уурхайг дэмжих бөгөөд МАН өнгөрсөн 4 жилийн бодлогодоо онцын өөрчлөлт гаргахгүй, төрийн оролцоог өндөр байлгах эрмэлзэл тээсэн дүр зураг харагдаж буй бол АН-ын хувьд МАН-ын 2016-2020 оны гол бодлогуудыг өөрчлөхөд фокуслах нь. “Зөв хүн электорат” гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах агуулга харагдаж байна.
Монголчууд бид өнгөрсөн сонгуулиудын мөрийн хөтөлбөр нэртэй мөнгөн амлалт, эх орны баялгаас хувь хишиг хүртээж байна гэсэн өглөгийн үр дагаврыг өдгөө улсаараа үүрч, өр зээлийн дарамтын дор яваа билээ. Энэ жилийн сонгуулийн хувьд элдэв мөнгөн амлалт, халамж үгүй ч бодлогын өрсөлдөөн, нөхцөл байдлаа бодитой харсан тодорхой төлөвлөлтөөс илүүтэй сонгогчид таалагдах гэсэн биелэх боломжгүй том тоо, хийсвэр амлалтууд том орон зай эзэлсэн хэвээр байна.
Англи хэл дээр: