Б.БАЯРТОГТОХ
Эдийн засгийн тэргүүлэх салбар, төсвийн орлогын гол эх үүсвэр, гаднын хөрөнгө оруулалт татах хамгийн их боломжтой, эцэст нь улсаа богино хугацаанд хөгжүүлэхэд шаардлагатайг мөнгийг “олж өгөх” уул уурхай сүүлийн 20 жилийн хугацаанд олон нийтийн харах өнцгийг ихээхэн өөрчилж, өнөөдөр хариуцлагатай, хариуцлагагүй уул уурхай гэсэн ойлголт улам гүнзгийрэв.
Нутгийн иргэд тэр тусмаа илүү хэрсүү болж, уул уурхайд харшлах эсвэл хамтрах үзэл, ойлголцол бий болж эхэлж байна. Энэ хүртэл маш олон үйл явдал болж өнгөрчээ.
Дэлхийн хэмжээний Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг хувьцаа эзэмшигчид нь байгуулж, олборлолтод хүрэх үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан бол нөгөө талд шинэ орд, шинэ эрдсийн илрэл олж нээх геологи, хайгуулын ажил үндсэндээ зогсонги байдалд орсон байна.
Хамгийн багадаа л 10 гаруй жилээр хөгжил нь түрүүлж явах учиртай хайгуулын ажил уналтад орж, тус салбарт хөрөнгө оруулалт ихээр хумигдсан хамгийн том шалтгаан нь хариуцлагагүй уул уурхайн уршгаар бий болсон байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөлөл байв. Эндээс л уул уурхайн талаарх сөрөг имиж бүрдэж, үл итгэх, эсвэл дайсан мэт хандах нийгмийн уур амьсгал, айдас болгоомжлол бий болсон хэрэг.
Эвдэрсэн талбай, ширгэж хатсан гол горхи, дарагдсан булаг шанд, биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийгээгүй орхигдсон газрууд, нүүдлийн мал аж ахуйтай тэрсэлдэх, нутгийн иргэдтэй “үзэлцэх” уул уурхай нийтлэг жишээ болж, салбар бүхэлдээ эндээс муу нэр зүүхэд хүрсэн гэж хэлж болно.
Уул уурхайн салбар тоон дүнгээр, экспортын 85 хувь, ДНБ-ий 20 гаруй хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувь, төсвийн орлогын 30 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг боловч нийгмийн өмнө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явц хоригт ороход ч энэ байдал хамгийн том нөлөө үзүүлсэн хүчин зүйлсийн нэг юм.
Монгол Улсын газар нутгийн бараг тэн хагасыг лиценз бүхий талбай эзэлсэн цаг бий. 2005 онд нийт нутаг дэвсгэрийн 44.5 хувийг нь ашиг малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар эзэлж байсан. Лиценз олголтыг цэгцлэх үүднээс 2010 оны 4 дүгээр сард тусгай зөвшөөрөл олголтод хориг тавьж байлаа. Хэдий эргэн тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэхээр төр засгаас зорьж байгаа боловч хүссэн хэмжээнд хөрөнгө оруулагч, шинэ оролцогч гарч ирэхгүй байна.
Нэг эзэн, нэг компанийн хууль, журам зөрчсөн, тухайн цаг үед “том толгойлсон”, нутгийн иргэд, малчдыг хохироосон, байгаль орчныг бохирдуулж, эвдсэн жишээ олон газар адилхан давтагдаж, хариуцлагагүй уул уурхайн балаг энэ мэт байдлаар эдийн засгийн тэргүүлэх салбарт олон нийт эргэлзэх, “ингэж нутгаа ухуулахгүй...” гэх эзний тэвчээрийг барсан он жилүүдийн шарх арилаагүй байна. Хариуцлагагүй уул уурхайн олон сөрөг үр дүн, нөлөө салбарын асуудал болж томорчээ.
Үүнд дан ганц тухайн компани, аж ахуйн нэгж эсвэл хувь хүнийг шууд буруутгах аргагүй юм. Ийм нөхцөл байдал үүсэхэд төр засгийн алдаа оноотой, эргэж буцсан шийдвэр, тодорхой бус хоёр утгатай журам, хуулийн хэрэгжилтийг газар дээр нь хангуулахад анхаарч чадаагүй холбогдох байгууллагын хариуцлагын тухай асуудал мөн яригдана. Эндээс хүнд суртал, авлига байсан эсэх сөхөгдөнө. Эхэнд дурдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явц нээлттэй бус хаалттай, олон нийтэд, оролцогчдод харилцан адилгүй мэдээлэл, төөрөгдөл үүсгэж байлаа.
Монгол Улсад хайгуулын тусгай зөвшөөрлийг дамлан худалдаалах зорилгоор цуглуулж хадгалах, бусдад өндөр үнэ хүргэх зарах байдал сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн түгээмэл, ердийн үзэгдэл мэт даамжирсан билээ. Энэ нь хаалттай бизнес болж, далд эдийн засгийг бүрдүүлэхэд оролцсон гэдэг. Энэ үзэгдэл хавтгайрсан нь уул уурхайн салбарын хөгжлийг удаашруулж, авлигыг өөгшүүлэх, дээр дурдсан нөхцөл үүсэхэд томоохон нөлөө үзүүлсэн хэрэг.
Стандарт, шаардлагыг ном ёсоор нь хангахгүй, хүний нөөц, техник болон туршлага байхгүй, түүх байхгүй, зөвхөн нэг удаагийн ашиг, олз олох нэрээр уул уурхайд хөл тавьсан олон компани алтыг нь аваад, авдрыг нь хаясан гэж хэлж болно. Хариуцлагагүй уул уурхайн нэг жишээ энэ.
Улсын хэмжээнд 1992 оноос хойш уул уурхайн үйл ажиллагаанаас болж 20 гаруй мянган га газар эврэлд орж, үүний 50 хүрэхгүй хувьд нөхөн сэргээлт хийсэн бол үлдсэн нь орхигджээ. Монгол Улс 10 жилийн өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд 302 тэрбум төгрөгийг хайгуулын эрлийн ажил хийж байсан бол одоо 80 орчим тэрбум төгрөгийг хайгуулд зарцуулж байна.
Шинэ бус хуучин хөрөнгө оруулагчид нэмэлт хөрөнгө оруулалтаар өөрсдийн төслөө бойжуулах хүчин чармайлт үргэлжилсээр. Хэдий тийм боловч хариуцлагагүй уул уурхайн “шарх” одоо хүртэл аниагүй, олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй, нээлттэй засаглалтай компаниудын үйл ажиллагаанд саад тотгор болж байгааг үгүйсгэхгүй. Муу нэрийг мянга хусавч арилахгүй гэдэг. Хариуцлагатай нь давхар хохирч, нэр хүндийн эрсдэл үүрсээр.
Хариуцлагатай уул уурхайг энгийнээр зураглахад, байгаль орчинд ээлттэй үйлдвэрлэл явуулж, сөрөг нөлөөллийг ямагт бууруулахад анхаардаг, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ыг хангахад бүхий л үйл ажиллагаа нь чиглэдэг, ажилтныхаа эрх ашгийг хүндэлж үздэг, татвар болон бусад төлбөр хураамжийг цаг хугацаанд нь төлдөг, хууль, журмаа дагадаг, хүний эрхийг зөрчдөггүй, соёлын биет болон биет бус өвийг хадгалж, хамгаалдаг, үйл ажиллагаагаа ил тод тайлагнадаг, компанийн сайн засаглалыг нутагшуулсан гэх мэт шинж нараар дүгнэж болох юм.
“Хүслийн жагсаалт” мэт боловч дээрх түвшинд хүрэх ёстой, зорих учиртай стандарт, хэм хэмжээ юм. Хариуцлагатай уул уурхайн талаарх ойлголт улам энгийн болж эхэлж байна. Үйл ажиллагаа явуулж буй тухайн сум, аймгийн ойд мөнгөн дэмжлэг үзүүлэх, оюутны сургалтын тэтгэлэг зарлах, үерийн далан барих, хогийн цэг байгуулах нь хариуцлагатай уул уурхайн нийтлэг жишээ болдог. Үүнээс илүү усны хэрэглээг бага байлгах, усаа дахин ашиглах, дэд бүтцийн барилга байгууламж, ажилтны ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, байгаль орчинд үзүүлж буй хор хохирол, нөлөөллийг сааруулж, бууруулахад хөрөнгө санхүү зардаг гэх мэт эдгээр чанар нь хариуцлагатай уул уурхайг төлөвших үндэс.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар бол иргэд байгаль орчныг хамгаалах тухай хууль (БОХТХ) тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах эрхтэй. Иймд та хууль бус олборлолт эрхэлж буй сэжигтэй тохиолдлыг анзаарсан бол цаг алдалгүй Экологийн Цагдаагийн албаны 7019 1070 дугаарт мэдээллээрэй.