Монголбанк ээлжит Инфляцын тайлангаа танилцууллаа. Тус тайланд ирэх оны ДНБ-ий өсөлтийг 6.5 хувь буюу энэ оноос 2.5 хувиар нэмж тооцсон байна. Тус тайлангаас эдийн засаг, уул уурхайтай холбоотой мэдээллийг тоймлон хүргэе.
Өмнөх төсөөлөлтэй харьцуулахад эдийн засгийн өсөлтийн төлөв сайжирлаа. Эдийн засгийн идэвхжил хүлээлтээс давж, энэ оны I улиралд 7.8 хувиар өслөө. Гадаад эрэлт сайн байж, нүүрсний олборлолт нэмэгдсэний зэрэгцээ өнгөрсөн оны сүүлийн хагасаас эрчимжсэн. Ирэх онд Оюу толгойн үйлдвэрлэл эрчимжин эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байна.
Нүүрсний экспорт өмнөх оны өндөр түвшинд хадгалагдаж, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг эрдэс бүтээгдэхүүний олборлолт өмнөх оноос нэмэгдсэнээр уул уурхайн салбарын өсөлт энэ онд 17.9 хувьд хүрэхээр байна. Дунд хугацаанд Оюу толгойн үйлдвэрлэл эрчимжихийн зэрэгцээ нүүрсний экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлтийг дэмжихээр байна.
Эдийн засгийн өсөлтөд нүүрсний экспортын биет хэмжээ 2024-25 онд өмнөх төсөөллөөс 6.7 сая тонноор өмнөх төсөөллөөс нэмэгдэнэ гэж таамаглаж байна.
Уул уурхайн олборлолт эхний улиралд 13.1 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтийн 1.9 нэгж хувийг бүрдүүлсэн байна. Тодруулбал, нүүрсний олборлолт тайлант улиралд 22 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.4 сая тонноор давсан нь уул уурхайн салбарын өсөлтийг голлон бүрдүүлэв.
Төлбөрийн тэнцэл 2024 оны I улиралд 373 сая ам.долларын ашигтай гарлаа. Нүүрсний экспорт өндөр хэвээр байж, олон улсын зах зээлд алт, зэсийн үнэ хурдтай өсөж экспортын орлогыг дэмжсэн ч хэрэглээ, хөрөнгө оруулалтын шинжтэй импорт эрчимжиж, урсгал данс 251 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Санхүүгийн данс энэ оны эхний улиралд 857 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд үүнд, Оюу толгойн хөрөнгө оруулалт нэмэгдэж, хувийн секторын гадаад зээлийн санхүүжилтүүд тэлсэн нь гол нөлөөг үзүүлэв. Ийнхүү санхүүгийн дансны орох урсгал сайжирч, төлбөрийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 294 сая ам.доллароор нэмэгдлээ.
Он гарснаас хойш нүүрсний экспорт өндөр хэвээр хадгалагдаж, гадаад валютын орох урсгалыг тэтгэлээ. Улмаар сүүлийн нэг жил орчмын хугацаанд гадаад валютын цэвэр урсгал ашигтай гарсан нь төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангарах суурь нөхцөл болж байна.
Эх сурвалж: mongolbank