misheel@mininginsight.mn
Цар тахлаас үүдэлтэйгээр уул уурхайн салбар эрсдэлтэй тулсан ч амжилттай даван тууллаа. Монгол Улс бол уул уурхайн орон. Уул уурхайн салбар эдийн засгийг тэтгэдэг, төсвийн бүрдүүлэлт өндөр үүрэгтэй гэж ярьдаг ч мөнгө олдог чухал салбараа өөд татахад Засгийн газар өнгөрсөн 4 жилд хойрго хандаж иржээ. Эдийн засгийн гол салбараа дараагийн дөрвөн жил илүү ахицтай байлгахын тулд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2020-2024 (ЗГҮАХ)-т эрдэс баялгийн салбартай холбоотой ямар зорилтууд тусгагдаж, хэр хэрэгжсэнийг эргэн харъя.
100 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛ
Монгол Улсын ЗГҮАХ (2020-2024)-т зургаан бодлогын хүрээнд 1046 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан байна. Эдгээр бодлогын нэг нь Эдийн засгийн бодлого. Тус бодлого нь Засгийн газрын хэрэгжүүлэх нийт арга хэмжээний 37 хувь буюу 1/3-ээс илүүг эзэлсэн. Гэвч Эдийн засгийн бодлогыг зургаан бодлогоос хамгийн муу буюу 59 хувьтай хэрэгжсэн хэмээн Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас үнэлжээ.
Эдийн засгийн бодлогын 7 зорилгын нэг нь Уул уурхай, хүнд үйлдвэр хөгжүүлэх зорилго юм. Тус зорилгод 66 арга хэмжээ авахаар тусгасан. Харамсалтай нь Эдийн засгийн 7 зорилгоос үр дүнтэй хэрэгжсэн 100 арга хэмжээний ердөө гурав нь уул уурхай, хүнд үйлдвэртэй холбоотой байгаа нь үнэхээр чамлалттай. Учир нь ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, “Багануур” ХК-ийн ил уурхайн үндсэн тоног төхөөрөмжийн шинэчлэл, “Салхитын мөнгөний ордыг төслийн хүчин чадалд хүргэж ашиглах” арга хэмжээний хүрээнд “Баяжуулах-2 үйлдвэр”-ийг ашиглалтад оруулсан гэх ажлууд цаг хугацааны хоцролттойгоор арай гэж хэрэгжжээ. Үлдсэн арга хэмжээнээс 20 нь тодорхой үр дүнд хүрсэн, 23 нь эрчимжүүлэх шаардлагатай, 20 нь үр дүнгүй гэж ҮАГ үзжээ.
ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ ҮНЭЛГЭЭГҮЙ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлэхээр зорьсон зарим ажил ҮАГ-т үнэлэгдээгүй байна. Тухайлбал, “Үнэт металлын сорьцын хяналтын газрын сорьц тогтоох лаборатори байгуулж, үнэт металлыг сорьцлох, эрдэнийн чулууг тодорхойлох үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ. /Салбар лаборатори байгуулна/ гэдгийг 2023 онд Шадар сайдын ажлын алба, ЗГХХГ-аас “хугацаа болоогүй” гэсэн тайлбартайгаар хойшлуулжээ. Үүнээс гадна 10 хэрэгжүүлэх ажлын үнэлгээг холбогдох албаныхан тайлагнаагүй бололтой. ҮАГ-аас гаргасан тайланд олдсонгүй. Үүний нэг нь манай улсын хамгийн том төсөл болох Оюутолгойг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, далд уурхайг ашиглалтад оруулна гэсэн арга хэмжээ. Уг ажлын үндсэн хэрэгжүүлэгч “Оюутолгой” ХХК, хамтрагч УУХҮЯ, оролцогч “Эрдэнэс Оюутолгой” ХХК байгаа юм.
Үлдсэн арга хэмжээнээс Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ 2, Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно гэсэн 2, Дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулна 5, нийт 9 арга хэмжээ тодорхой үнэлгээгүй. Харин үнэлэгдсэн 55 арга хэмжээний дундаж үнэлгээ 51 хувьтай байна.
ЭРЧИМЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД (30-69%)
Эрчимжүүлэх шаардлагатай 23 арга хэмжээнээс УУХҮЯ-тай холбоогүй гурван ажил багтсан. Үүнд Үндэсний баялгийн сан, Хөгжлийн сангийн тухай хуулийн төсөл, газрын тос боловсруулах үйлдвэрийн дамжуулах хоолой барих төслийн санхүүжилт, трассын дагуух газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай байжээ. Уг ажлуудын үндсэн хэрэгжүүлэх байгууллага нь ЗГХЭГ, Засгийн газар, Сангийн яам байна. Эндээс онцлох арга хэмжээ бол Үндэсний баялгийн сан, Хөгжлийн сан 30- 50 хувиар үнэлэгдсэн ч богинохон хугацаанд он гарснаас хойш хэрэгжсэн явдал билээ. Дээрх арга хэмжээнээс гадна эрчимжүүлэх шаардлагатай ажлыг салбарын яамтай хамтран “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Багануур” ХК, “ШивээОвоо” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, хувийн хэвшлийнхэнтэй хийж байна. Яам дангаараа болон төрийн өмчийн компаниудтай хамтран хэрэгжүүлж буй 20 ажлын үнэлгээ дунджаар 56 хувьтай үнэлэгдсэн. Яамны компаниудтай хамтарсан ажлууд 50-69 хувьтай байна. Тэгвэл УУХҮЯ дангаараа хэрэгжүүлж буй Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ, Үндэсний геомэдээллийн нэгдсэн санг хөгжүүлж, цахим системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлнэ гэсэн хоёр зорилт 40-69 хувьтай хамгийн өндрөөр үнэлэгджээ. Харин хойш татаж буй арга хэмжээнд Дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зорилт орсон нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой байна.
ҮР ДҮНГҮЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮД (0-29%)
Үр дүнгүй гэсэн 20 арга хэмжээ нь салбарын яам төр болон хувийн хэвшлийн оролцоотой хийгдэж байна. Үүнээс Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн зорилтын “1:25000-ны масштабын нарийвчилсан геологийн зураглалын ажлыг эхлэх, нутаг дэвсгэрийн 0.15 хувийг хамруулна”, Дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна гэсэн зорилтын “Баруун бүсийн шатахууны хэрэглээний тодорхой хувийг хангах зорилгоор Ховд аймагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бага оврын газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлнэ” гэсэн хоёр арга хэмжээг 0 хувьтай, үлдсэн ажлуудыг 29 хувиар үнэлжээ. Эндээс сонирхол татах арга хэмжээ бол хувийн хэвшлийн “Монголын Алт (МАК)” ХХК-тай Цагаан суваргын зэс, молибденийн ордыг ашиглалтад оруулна гэсний үнэлгээг 29 хувиар үнэлж, “...Бүтээн байгуулалтын ажил 100 хувьтай. Уулын баяжуулах үйлдвэр төслийн хүчин чадлаар ажиллана гэсэн зорилтот түвшинд хүрээгүй” гэсэн байна.
Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэе. ҮАГ-аас гаргадаг ЗГҮАХ-т өгч буй үнэлгээ Сонсголоос ч өндөр ач холбогдолтой. Гэвч олны анхааралд өртдөггүй, тэрүүхэн тэндээ дүгнэлт гаргасан нэр зүүгээд нам гүмхэн өнгөрсөөр иржээ.
УУЛ УУРХАЙН САЛБАР ЖИШИГ БОЛОХ БОЛОМЖТОЙ
Ингээд харахад Эдийн засгийн бодлогын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн 100 хувь хэрэгжсэн арга хэмжээний тоо ердөө гурав. Нөгөө талдаа хоёрхон ажил огт хөдлөөгүй нь хийгдэх ажлууд гараанаас нэгэнт гарсан гэдгийг илтгэнэ. Харин нийт үнэлэгдсэн 55 арга хэмжээний дундаж 51 хувьтай байсан. Энэ нь Эдийн засгийн бодлого бусад бодлогоос тааруу буюу 59 хувиар үнэлэгдэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн зорилтууд голлон нөлөөлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар улсын төсвийн орлого төвлөрүүлдэг, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК санхүүжүүлэгч гэдэг утгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн арга хэмжээнүүд гүйцэтгэлийн хувь өндөр, цаашлаад жишиг болох боломжтой. Өөрөөр бол их наядаар хөрөнгө оруулалт шаардахгүй 41 ажил 4.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Их наядаас бусад арга хэмжээнд салбарын холбогдох газрууд хөрөнгө “харамлахгүй” бол ирээдүйн эдийн засгийн үр өгөөж өндөр байх нь гарцаагүй билээ.
Майнинг Инсайт сэтгүүл, Зургаадугаар сар, 2024 №6 (031)