Өнөөдөр (2024.09.25) Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тус тогтоолыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Тэрээр “Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг ард түмний өмч байна. Үүний үр ашиг, ногдол ашгийн дийлэнхийг ард түмэн эзэмшинэ гэж заасан. 2019 онд өөрчлөлт оруулахдаа стратегийн орд ашгийн дийлэнхийг ард түмэн хүртэнэ. Үүний дийлэнхийг Үндэсний баялгийн сангаар дамжуулж хүртэнэ гэдгийг хуульчилж өгсөн. Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт. Үндэсний баялгийн сангийн реформ бол бүхэлдээ сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа.
Байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх ёстой. Стратегийн орд гэдэг бол Үндэсний баялгийн сангийн тухай ярьж байгаа. Стратегийн орд нэг жилд ДНБ-ий 5 хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Стратегийн ордуудаас орж байгаа ашиг бол Үндэсний баялгийн үр өгөөжийг дээшлүүлдэг. Стратегийг ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг УИХ 2007 оноос хойш шинэчлээгүй. 16 стратегийн дотроос 7 нь төрийн эзэмшилд байгаа. Харин 9 стратегийн орд өнөөдөр хувийн эзэмшилд байна. Харин 39 стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах ордын нөөц нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч УИХ-аар орж батлагдаагүй. Эдгээр ордыг хамааруулах Засгийн газрын шийдвэр гарах ёстой. Ингээд жагсаалт шинэчлэгдэх ёстой. Үүнийг Ц.Туваан сайдад даалгасан.
16 стратегийн ордоос долоог нь төр эзэмшдэг. Ингээд үзэхээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн долоон орд гэсэн үг. Энэ долоон орд 13.5 их наяд төгрөг буюу нийт татварын 72 хувийг бүрдүүлсэн. Гэтэл есөн стратегийн орд эзэмшдэг хувийн хэвшлийн 16 компани 4.6 их наяд төгрөг буюу 28 хувийг эзэлж байна. Тэгвэл нөөц ямар байна вэ гэхээр Эрдэнэт үйлдвэр зэсийн 18 хувийг эзэлж байна. Гэтэл нүүрсний 25 хувийг Эрдэнэс Тавантолгой эзэмшиж байна. Төмрийн хүдэр төр 15 хувийг л төр эзэмшиж байна. Жонш 23 хувь, молибдени 31 хувь эзэмшиж байна. Гэхдээ нийт татварын 72 хувийг бүрдүүлж байна гэсэн үг.
Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн хуулийг өнгөрсөн парламентаар батлахдаа байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмэнд байх суурь зарчимд нийцүүлж, түүний үр өгөөжийг иргэддээ хүртээхдээ Үндэсний баялгийн сангаар дамжуулж хуримтлалын дансанд хуримтлагдаж байгаа үр өгөөж нь иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана гэж хуульчилсан.
Үндэсний баялгийн хуулийн дагуу стратегийн ордуудын 34 хувийн ногдол ашиг хуримтлалын санд төвлөрдөг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд хуримтлалын санд 500 тэрбум төгрөг “Эрдэнэс Монгол” нэгдэлд харьяалагддаг стратегийн 7 ордыг эзэмшиж байгаа төрийн өмчит компани Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санд хуримтлуулсан. 500 тэрбум төгрөг хуримтлуулснаар 5,000 өрх орон сууцанд хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Тэгэхээр хуримтлалын сангийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь бидний гол зорилт. Ингэж байж ард түмэн газрын баялгаа эзэн болно” гэв.