S&P Global: Зэсийн ордын шинэ нээлт ховордож байна

Э. МЯГМАРСҮРЭН 

S&P Global-ийн судалгаанд дурдсанаар, дэлхий даяар зэсийн ордын шинэ хайгуул, нээлт ховордож байгаа аж. Сүүлийн 10 жилд зэс олборлогчид шинээр хайгуул хийхээс татгалзах хандлагатай байгаа бөгөөд нөөцийн дийлэнх хувийг хуучин ордууд эзэлж байна. Энэ судалгааг хийхийн тулд S&P Global нь 1990-2023 онд нээгдсэн 500 мянган тонноос дээш зэсийн нөөцтэй ордуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад 239 ордын нийт 1.315 тэрбум тонн зэсийн нөөц тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн эдгээр ордын 14 нь сүүлийн 10 жилд нээгдсэн бөгөөд дэлхийн нийт зэсийн 3.5 хувийг буюу 46.2 сая тонн эзэлж байгаа юм. Тэр дундаас зөвхөн дөрвөн орд л сүүлийн таван жилд нээгдэж 4.2 сая тонноор зэсийн нөөцийг нэмжээ. Дэлхийн зэсийн нийт нөөцийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 хувь буюу 61 сая тонноор өссөн хэдий ч өсөлтийн дийлэнх буюу 70 хувийг 1990-ээд оны үед нээсэн ордуудад тодотголоор нэмэгдсэн нөөц  (43 сая тонн) эзэлж байна.  

БУУРАХ ХАНДЛАГА

S&P-ийн тайланд дурдсанчлан сүүлийн арван жилд томоохон ордуудын нээлтийн тоо, тэдгээрийн нөөцийн хэмжээ буурах хандлагатай байна. Зэсийн үнэ өссөн хэдий ч зэсийн хайгуулын хөрөнгө оруулалт арван жилийн өмнөх түвшнээс хамаагүй доогуур байгаа нь гол асуудал болоод байгаа аж. 2023 онд дэлхийн хайгуулын хөрөнгө оруулалт 12 хувиар өссөн ч энэ нь 2012 оны оргил үетэй харьцуулахад 34 хувиар доогуур үзүүлэлт юм. 

S&P-ийн Ахлах шинжээч Шон ДеКофф "Сүүлийн үеийн нээлтүүд ховордож буй нь шинээр хайгуул хийхээс илүүтэй хуучин ордуудаа ашиглах, өргөтгөхөд компаниуд анхаарал хандуулж байгаатай холбоотой" гэжээ. 

Түүний хийсэн дүн шинжилгээгээр 1990-2000-аад оны эхэн үед зэсийн хайгуулын хөрөнгө оруулалтын  50-60 хувийг анхан шатны хайгуулд зарцуулж байжээ. Харин 2023 онд анхан шатны хайгуулд төсвийн 28 хувийг зарцуулж байгаа нь түүхэн доод үзүүлэлт болжээ. Ямар ч шинэ орд нээж илрүүллээ гээд 1990-ээд оны адил их нөөцтэй, том байж чадахгүй гэдгийг тэрээр онцлоод "Хайгуулын чиг хандлагад өөрчлөлт гарах хүртэл цөөн тооны том ордууд нөлөөтэй хэвээр байх болно" гэсэн байна.  

БҮС НУТГИЙН ТҮВШИНД

Латин Америк нь хамгийн том зэс олборлолтын бүс нутаг бөгөөд S&P-ийн мэдээллээр дэлхийн зэсийн нөөцийн 55.6 хувь буюу 730.9 сая тонн зэс тухайн бүсэд байдаг. Хайгуулын ажлууд нь төвлөрсөн Чили, Перу улсад нийт 573.9 сая тонн зэсийн нөөц илрүүлжээ. S&P-ийн жагсаалтын тэргүүлэх нээлт Чилийн Collahuasi and Los Bronces, Перугийн Cerro Verde ордууд аж. Ази Номхон далайн бүс нутаг нь дэлхийн нийт зэсийн нөөцийн 21 хувийг эзэлж, хайгуул олборлолтоор хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Монголын Оюутолгой, Индонезийн Grasberg, сүүлд нээгдсэн Пакистаны Reko Diq зэрэг том  ордууд энд багтана. АНУ, Канад нь нээсэн зэсийн нөөцийн хэмжээгээр дэлхийд (10 хувь) гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. АНУ-ын Resolution болон Safford ордууд их  хэмжээний зэсийн нөөцтэй. Тус улсын хамгийн их нөөцтэй зэсийн орд болох Pebble нь байгаль орчны асуудал, олон нийтийн эсэргүүцэлтэй холбоотойгоор олборлолт хийх эсэх нь тодорхойгүй байна. Канадын Бритиш Колумби дахь Seabridge Gold’s KSM компанийн ордууд ч мөн адил хүндрэлтэй тулгарч байгаа юм.