Уул уурхайн 7 хоног (Mining Week 2024)-ийн 3 дахь жилийн арга хэмжээ Тайж хайрханы бэлд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы эхний өдөр Хамтарсан Засгийн газрын бодлого, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтууд, мега төслүүдийн сэдэвт төвлөрлөө. Хоёр дахь өдөр геологи хайгуул, чухал ашигт малтмал, худалдан авалт ханган нийлүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд чууллаа.
Арга хэмжээнд анх удаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан оролцож илтгэл тавьлаа. Эрдэс баялгийн салбарыг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд ус, эрчим хүчний асуудал тулгамдаж буй. Засгийн газраас зарласан 14 мега төслийн 6 нь аж үйлдвэр, эрдэс баялгийн салбартай холбоотой. Эрдэнэт үйлдвэрт түшиглэн Зэс боловсруулах цогцолборын төслийн дэд бүтцийн ажлын явц 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг төслийн хүрээнд Хятадын талтай хамтран туршилтын үйлдвэрийг Монголд байгуулахаар бэлтгэж байна. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулж цаашид дотоодод олборлосон алтны 70 орчим хувийг цэвэршүүлэх зорилттой. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл 2017 оноос хэрэгжиж байгаа. Үйлдвэр ашиглалтад орсноор тодорхой хэмжээний түүхий нефтийг дотоодоос нийлүүлэх шаардлага үүсэх аж. Тэгвэл “Уул уурхайн 7 хоног”-ийн нээлтийн өдөртэй (2024.10.02) давхацан “Петро Матад”компани газрын тосны олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газар нь Дорноговь аймагт ураны төсөл хэрэгжүүлж байгаа Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” компанитай 2 том гэрээ байгуулах бөгөөд 2024 онд багтаан Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэнэ гэдгийг АҮЭБ-ийн сайд мэдэгдлээ. Манай улсад Атомын цахилгаан станц байгуулах суурь судалгаа хийх зорилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд илтгэлдээ Хамтарсан Засгийн газрын 100 хоногт хүрэх үр дүн, эрчим хүчний реформ, татварын таатай бодлого барих талаар танилцуулсан юм. Эрчим хүчний салбарт реформ хийх Засгийн газрын шийдвэр гарсан, зоригтой хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.
Өнөөгийн байдлаар хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай Монгол Улсын газар нутгийн 1.2 хувийг эзэлж байна. Энэ жил геологи хайгуул, лицензтэй холбоотой шийдвэрүүд гарна гэдгийг хэлэлцүүлгийн үер салбарын сайд хэллээ. Манай улсын хэмжээнд геологийн 1:50000 масштабын зураглалын ажлыг 50 гаруй хувьд хүргэхээр АҮЭБЯ зорьж байна. Тус ажил одоогоор 47 хувьтай хэрэгжиж буйг Монголын геологийн холбооны нэгдсэн зөвлөлийн дарга Т.Мөнхбат илтгэлдээ мэдээлэв. Тэрээр, сүүлийн 2 жилд ашиглалтын тусгай зөвшөөрлийг цахимаар сонгон шалгаруулалтаар олгох болсон ч мэргэжлийн компаниуд төдийлөн оролцохгүй байгааг тодотгосон. Учир нь зарлагдсан талбайнууд хөрөнгө оруулагчдын сонирхолыг татахгүй байна. Гэтэл улсаас талбай зарлахдаа геологчидтой зөвлөлддөггүй гэлээ. 10-15 жилийг хайгуулд зарцуулж байж уурхайг нээдэг. Тиймдээ уул уурхайгаасаа түрүүлж явах учиртай геологи хайгуулын салбар уналтад орсныг илтгэлдээ тодотгосон юм. Өнөөдөр Монгол орны нийт газар нутгийн 70 хувьд үйд ажиллагаа явуулахыг хориглосон, төрийн хамгаалалтад буй. Хэрэв цаашдаа чухал ашигт малтмалыг ашиглах бодлого барьж байгаа бол энэ чиглэлийн геологи хайгуулын судалгааг идэвхжүүлэхэд төр засгаас анхаарах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэгвэл “Чухал ашигт малтмалын эрэлт нийлүүлэлт, чиг хандлага” хуралдаанаар ураны “Зөөвч Овоо”, газрын ховор элементийн “Халзан бүрэгтэй” төслүүд таницуулга хийлээ.
Мөн хайгуулын шатанд үйл ажиллагаа явуулж байгаа “Asian Battery Minerals ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир, Канад улсын Геологийн албаны Гүйцэтгэх захирал хатагтай Др.Женевиеве Маркис, Австрали улсын Худалдаа хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгч Дейн Ричмонд нар цэвэр эрчим хүчний шилжилтэд шаардагдах чухал ашигт малтмалын чиг хандлагын талаар сонирхолтой илтгэлүүд тавилаа. Улс орнууд өөрсдийн эрэлт хэрэглээнд тулгуурлан зарим ашигт малтмалыг “чухал” гэж авч үзэж байна. Монгол Улсын хувьд бусад орныг “дуурайн” чухал гэж тодорхойлох, мөн “чухал” тул төр засаг хянах, тусгай эрх зүйгээр зохицуулах нь өрөөсгөл гэсэн асуудлыг хэлэлцүүлгээр хөндсөн.
“Уул уурхайн 7 хоног”-оор гадаад дотоодын 350 гаруй компани, аж ахуйн нэгж бизнес, үйл ажиллагаагаа таницуулж байна. Арга хэмжээ бямба гаригт (2024.10.05) өндөрлөнө.