Алт өсөж, зэс, нүүрсний үнэ буурав

С.БОЛД-ЭРДЭНЭ

Долоо, наймдугаар сар түүхий эдийн зах зээлд нэлээд хүчтэй савлалаа. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд холимог дүр зурагтай байсан ч наймдугаар сарын 5-нд хөрөнгийн зах зээл огцом унасан юм. Японы Никкей индекс 12 хувиар унасан нь хөрөнгө оруулагчдыг “айдаст” автуулсан гэхэд болно. Шалтгаан нь АНУ-ын ажилгүйдлийн түвшин хүлээлтээс өндөр гарсан мэдээлэл. Хэдий уналт цааш “халдварлаж”, үргэлжлээгүй ч АНУ болон Хятадын эдийн засгийн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид итгэхгүй байгааг, удахгүй хямрал болно гэсэн хүлээлт давамгайлж байна хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна. Харин энэхүү зах зээлийн тааруу хүлээлт эрдсийн захад хамгийн хүчтэй нөлөөлж байна. Алтны үнэ түүхэн дээд цэгээ дахин сэтэлж, анх удаа 2500 ам.доллараас дээш гарлаа. Алтны үнийн өсөлтөд ХНБны Бодлогын хүүгээ буулгах хүлээлт, Израйль-Палестины хурцадмал харилцаа хамгийн том нөлөө үзүүлж байна. Он гарсаар алтны үнэ 20 гаруй хувиар өссөн нь өөр ямар ч эрдэс бүтээгдэхүүнд тохиолдоогүй зүйл юм. 

Цөөнгүй шинжээчид оны төгсгөл, ирэх оны эхээр алтны үнийг 2700 ам.доллар болж дахиад өснө хэмээн таамаглаж байна. Алтны үнэ гялалзаж байгаа бол зэсийн үнэ сүүлийн 3 сарын турш 2000 орчим ам.доллараар буураад байна. Тавдугаар сард 10,800 ам.доллар давж байсан үнэ 8 дугаар сарын 5-нд 8,600 ам доллар болов. Гэсэн хэдий ч он гарснаас хойших дүнгээр зэсийн үнэ өсөлтөө хадгалсаар байна. Хятадын барилгын салбарын хүндэрч буй хямралаас үүдэлтэйгээр зэсийн эрэлт буурч, тус улсын зэсийн экспорт огцом өсөж байна. Тавдугаар сард Хятадын цэвэршүүлсэн зэсийн экспорт өмнөх сараасаа 200 хувиар өсөж, 74 мянган тонн болсон бол зургаадугаар сард үргэлжлэн хоёр дахин өсөж, 157 мянган тонн болжээ.

Энэ бол 2012 оноос хойш нэг сард экспортолсон хамгийн өндөр хэмжээ юм. Дэлхий дээрх зэсийн хамгийн том худалдан авагч, хэрэглэгч улсын экспорт огцом нэмэгдэж байгаа нь дотоодын эрэлт буурсан, агуулахуудын нөөц эрс нэмэгдсэнээс үүдэлтэй. Чухам уг мэдээ зэсийн үнийг тавдугаар сараас хойш 20 орчим хувиар бууруулсан хэрэг. Эхний хагас жилд томоохон зэс үйлдвэрлэгчид болох Чилийн зэсийн гарц 8 хувиар, Перугийн үйлдвэрлэл 1 хувиар буурсан ч гэсэн зэсийн үнийг дээш нь шидсэнгүй. Эрчим хүчний шилжилтийн гол түүхий эд нь зэс учир зэсийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлөгчдөд өнөө маргаашдаа зэсийн хамгийн том хэрэглэгч нь Хятад, тэр дундаа Хятадын үл хөдлөхийн салбар шүү хэмээн шинжээчид анхааруулж байгаа юм. Хятадын үл хөдлөхийн хүндрэл ганц зэсийн зах зээлд ч сөргөөр нөлөөлсөнгүй. Гангийн үйлдвэрлэл, түүний гол орц нүүрс, төмрийн хүдэрт ч сүүдрээ тусгаж байна. Хятадын гангийн үйлдвэрлэл энэ оны эхний 6 сард 1.1 хувиар буурч, 530 сая тонн болов. Сүүлийн 30 жилийн турш жил бүр өсөж ирсэн гангийн үйлдвэрлэлийн мэдээнд энэ оноос “буурсан” гэдэг үг тогтмол шахуу хэрэглэгдэх боллоо.

Үл хөдлөхийн салбарт нүүрлэж буй хүндрэлээс гарах найдвар харагдахгүй байгааг шинжээчид хэлж байна. Хятадын Засгийн газраас төсвөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх төлөвтэй байгаа ч энэ нь барилгын салбарыг сэргээж, цаашлаад гангийн эрэлтийг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж олон шинжээч үзэхгүй байна. Хятадын гангийн эрэлтийн гол хөдөлгөгч хүч болох шинэ орон сууцны барилгын ажил эхний 6 сарын хугацаанд 23.7 хувиар буурч, 2021 оны мөн үеийнхээс 62.5 хувиар буурсан байна. Мөн Хятадын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өсөлт эхний хагас жилд үл ялиг удааширсан байна. Гангийн томоохон үйлдвэрлэгч China Baowu Steel Group корпораци Хятадын гангийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэг гаргаж, “хатуу өвөл”-тэй тулгарах болно гэжээ. Гангийн эрэлт хумигдаж, үйлдвэрлэл буурч байгаа нь кокс, косжих нүүрсний эрэлт, үнэд хүртэл нөлөөлж байна. Хятадын коксжих нүүрс олборлогчид үндсэн үйлдвэрлэлийн агуулахын нөөц нэмэгдэж байгаатай холбогдуулан үнээ бууруулж байна. Цаашид үнэ буурах дарамт үргэлжилнэ гэж олборлогч компаниуд үзэж байна. Хятадын энэхүү нөхцөл байдал Монголын нүүрсний экспортод ч том нөлөө үзүүлж эхэлж байна. Нүүрсний экспорт сүүлийн хоёр жил орчмын хугацаанд Монголын эдийн засгийн өсөлтийн хамгийн том тулгуур болсон. Долдугаар сард нүүрсний экспортын биет хэмжээ 15 орчим хувиар буурсан. Гэхдээ биет хэмжээнээс илүүтэй санаа зовох чухал зүйл бол үнэ буурч буй явдал. Сүүлийн 30 сарын мэдээллээс харахад экспортын нүүрсний дундаж үнэ анх удаа 100 ам.доллараас доош орлоо. Хоёрдугаар сард дунджаар 122.7 ам.доллараар экспортолж байсан бол түүнээс хойш тогтмол буурсаар долдугаар сарын экспортын дундаж үнэ 99 ам.доллар болжээ. Үнэ буурах хандлагатай байгаа ч экспортын өсөлтийг биет хэмжээний үлэмж нэмэгдлээр бүрдүүлж байсан. Сүүлийн 2 жилийн турш сард хамгийн багадаа 4 сая тонн нүүрс экспортолж байв. Хилээр нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдсэнээр экспортын биет хэмжээ огцом нэмэгдсэн юм. Харин цаашид энэ байдал үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Хятадын эрэлтээс шууд хамаарна гэж үзвэл Монголын нүүрсний нийлүүлэлт буурах нь тодорхой. Австралийн нүүрсний экспортын хамгийн том боомтын нэг Гладстоун боомтын экспорт 7 дугаар сард 20 орчим хувиар буурсан байна.

Майнинг Инсайт сэтгүүл, 7-8 дугаар сар, 2024 №07, 08 (032, 033)