Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн энэ онд тохиож буй. Түүхэн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног 2022” нэгдсэн арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна.
Одоогоос 100 жилийн өмнө тэртээ 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын Засгийн газрын шийдвэр гарснаар энэ өдрийг Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбарын үүсэл, хөгжлийн эхлэл гэж үздэг.
Уул уурхайн долоо хоногийн арга хэмжээ 2022 оны 9 сарын 19-23-ны өдрүүдэд Шангри-ла зочид буудалд болох юм.
Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарыг идэвхжүүлж гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж буй. Үүнд хүч нэмэх, хөшүүрэг болох том боломж “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээ болж байна.
Долоо хоногийн турш үргэлжлэх энэ арга хэмжээ нь уул уурхайн салбарын бодлогын семинар, хөрөнгө оруулалтын чуулган, хөдөлмөрийн аюулгүй байдлын бага хурал, хариуцлагатай уул уурхайн семинар, гүний уурхайн симпозиум, уул уурхайн техник, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд төрөл бүрийн арга хэмжээний цогц байх аж. Нэг ёсондоо уул уурхайн салбарынхан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод хуран чуулахаар байна.
Арга хэмжээний үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрдэс баялгийн хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар цогц мэдээлэл өгч, санхүүгийн зах зээл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын боломжийн талаар ч өргөн дэлгэр хэлэлцэх юм.
“Уул уурхайн долоо хоног” –ийн эхний өдөр Монголын уул уурхайн салбар өнгөрсөн 100 жилийн хугацаанд хөгжсөн ололт амжилт, цаашдын бодлого, зорилтын талаар Монгол
Улсын Засгийн газрын гишүүд танилцуулж, агуулга бүрээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал өнөөдөр хэрхэн хангагддаг, хүндрэл бэрхшээлийн талаар ч энэ өдөр өргөн хүрээнд ярилцаж, “Рио Тинто” компанийн аюулгүй ажиллагааны төлөвшлийн загварыг танилцуулахаар байна.
Арга хэмжээний эхний үндсэн илтгэлийг Дэлхийн банкны Уул уурхай хариуцсан ахлах шинжээч Дамиан Бретт "Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар" сэдвээр хэлэлцүүлсэн бол Боомтын бодлого, төлөвлөлтийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган удаа илтгэлийг танилцууллаа.