1992-2024 онд салбарын сайдаар мэргэжлийн гурван хүн ажиллажээ

Э.МИШЭЭЛ

- 18 Засгийн газарт 10 удаа салбарын нэр орсон яамтай байв -

1923 онд “Ардын Засагт Монгол Улсын Уурхайн дүрэм” гэж баталснаас хойш 100 гаруй жилийг ардаа орхижээ. Тухайн үед Сангийн яаманд харьяалагдсан уул уурхайн салбар шинэ нийгэмд буюу сүүлийн 30 гаруй жилд ч өөр салбарт багтсаар иржээ. Тухайлбал, 2004-2008 онд Үйлдвэр, худалдааны яаманд харьяалагдаж, худалдааны өсөлтийг хангах үйл ажиллагааны чиглэлтэй байжээ. Мөн уул уурхай төдийгүй Монгол Улс хамгийн их хөрөнгө оруулалт татсан “Оюутолгой” төслийн гэрээ байгуулахад эрдэс баялаг, эрчим хүч гэсэн хөгжлийн суурь хоёр салбар хамтдаа явсан удаатай. Тэгвэл Монгол Улс анх удаа гурван нам зөвшилцөж хамтарсан Засгийн газарт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам гэж нэрээ өөрчлөөд байна. Үүнийг салбарын сайд Ц.Туваан “Уурхайчдын наадам”-ын үеэр тайлбарлахдаа “Уул уурхайн салбар геологи хайгуултай салшгүй холбоотой. Энэ Засгийн газар геологийн хайгуул талдаа бодлогоо эхэнд тавьж байгаа. Дараа нь олборлолт, ашиглалтын асуудал. Үүний дараа боловсруулалт, бэлэн бүтээгдэхүүн бий болгох гэдэг аж үйлдвэртэй холбогдох тал руугаа онцгой анхаарч ажиллана” гэсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд салбарын яам ямар нэртэй ажиллаж, хэн гэдэг Ерөнхий сайдын багт ямар хүмүүс сайдаар томилогдож, яамны үйл ажиллагааны чиглэл болон хууль журамд ямар томоохон өөрчлөлт орж ирснийг танилцуулъя.

Монгол Улсад анх удаа олон суудал авсан гурван нам хамтарсан Засгийн газар байгууллаа. Шинэ Засгийн газар 16 яамтай, 4 яамгүй сайдтай. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдыг АН-ын төлөөллөөс томилов. Шинэ Засгийн газар болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам тэргүүлэх зорилгоо аж үйлдвэрийг хөгжүүлэх хэмээн үзэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ҮАХийг УИХ-д танилцуулах (2024.08.16) үеэр аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэдгээ ч баталж хэлсэн. Харин эрдэс баялаг гэсэн нэршлийн хувьд экспортод гаргах ашигт малтмалын төрөл, хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн удтал ярьснаа ажил хэрэг болгохоос гадна олон улсад критикал минералын ач холбогдол нэмэгдэж буй хандлагатай уялдуулсан байж болох юм. Уул уурхайн салбарын ач холбогдлыг ардчилсан хувьсгалын дараах Засгийн газрын анхны Ерөнхий сайд П.Жасрай сайтар ойлгож байсныг түүхэн товчооноос харж болохоор байна. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд уул уурхай “чимээгүйхэн” байжээ. “Чимээгүйхэн” гэдэг нь уул уурхайн салбар хөгжөөгүй гэсэн үг биш юм. Эдгээр он жилүүдэд Монгол Улс уул уурхайн нөөц баялгийн боломжоороо дэлхийн анхаарлыг татаж, хөрөнгө оруулагчид хошууран орж ирж, бас эргээд гарсан үе цаг юм. 

Нөгөөтээгүүр Монгол Улсын төр, хувийн хэвшлийн төлөөллүүд гадагшаа хөрөнгө оруулалт хайхаар анх удаа тив алгасан явж, улсынхаа нөөц бололцоог таниулан сурталчилж эхэлсэн үе билээ. Харин 2009 оноос хойш уул уурхайн асуудлаар тусгайлан яам байгуулж, өнөөг хүртэл 16 жилийн хугацаанд дөрвөн удаа нэрээ өөрчилжээ. Нэрээ өөрчилсөн хугацаанд хамгийн тогтвортой явсан нэр нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бөгөөд хоёр Засгийн газрын нүүрийг үзсэн байна. Харин өнгөрсөн хугацаанд салбар яаманд Д.Цогбаатар (1992-1994), Ц.Дашдорж (2016-2017), Г.Ёндон (2021-2022) гэсэн ердөө салбарын 3 мэргэжилтэн сайдаар ажиллажээ. Өөрөөр хэлбэл, салбарын нэрээр овоглосон 20 жилээс 4 жилд нь салбарын мэргэжилтнүүд яамыг удирдсан байна.

Майнинг Инсайт сэтгүүл, 7-8 дугаар сар 2024 №07, 08 (032, 033)