Mining week: Эхний өдрийн чуулган уул уурхай дахь төрийн бодлого, чиглэлийг онцлов

Э.ОД

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УУХҮЯ, “Оюутолгой” компани хамтран анх удаа зохион байгуулж буй “Уул уурхайн 7 хоног” (Mining week) арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Эхний өдрийн “Засгийн газрын цаг” чуулганаар уул уурхай дахь төр засгийн бодлогод төвлөрсөн юм. Илтгэгчид Монгол Улсын уул уурхайн салбарын потенциал, давуу тал, олон улсад өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт татах боломж, салбарын хууль эрх зүй, татварын орчин, уул уурхайн бүтээгдэхүүн экспортын дэд бүтэц зэрэг сэдвүүдийг хэлэлцэв.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн салбар нь ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 64 хувь, экспортын орлогын 94 хувийг, улсын төсвийн орлогын 24 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын (ГШХО)64 хувийг бүрдүүлж байна.

Дэлхийн банкны Уул уурхай хариуцсан Ахлах шинжээч Дамиан Бретт “Монгол Улсын өрсөлдөх чадвар” илтгэлдээ дэлхийн эрчим хүчний шилжилтийн чиг хандлагад Монголын зэсийн үйлдвэрлэлийн давуу тал, боломжийг онцолсон. Цаг уурын дулааралтай тэмцэх олон улсын зорилттой холбоотой Хятад улс дотоодын сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлтээ 30-аас 52 хувь болгож нэмэгдүүлэхэд зэсийн хэрэглээ нь өснө. Тэгвэл дэлхийд шинээр үйлдвэрлэгдэж буй нийт тээврийн хэрэгсэл дэх цахилгаан хөдөлгүүрт автомашины эзлэх жин одоогийн 7 хувиас 2030 он гэхэд 66 хувь хүрч нэмэгдэнэ. Дотоод шаталтад машинаас 3-4 дахин илүү зэс цахилгаан машинд шаардагдана. Энэхүү чиг хандлагаар Монголын нүүрсний экспортын алдагдах боломжийг зэсийн үйлдвэрлэл нөхөх боломжтойг шинжээч ярилаа.
Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган “Боомтын бодлого, төлөвлөлт” илтгэлдээ “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явцыг мэдээллээ. Монгол Улс авто болон төмөр замын нийт 33 боомттой. “Боомтын сэргэлтийн бодлого”-ын зорилтын 3 үе шатны эхнийх буюу 2024 он гэхэд уул уурхайн экспортыг 14 тэрбум ам.долларт хүргэхийн тулд 70 сая тонн ачаа гаргах хүчин чадлыг боомт бүрээр тооцжээ. Энэ онд манай улс 10 боомтын хүчин чадлыг өргөтгөх зураг төслийн ажил хийгдэж дуусна. Ирэх жилүүдэд 6 боомтын өргөтгөл шинэчлэлийн зураг төслийг хийхээр төлөвлөжээ. Улмаар манай улсын бүх боомтууд тооцоо, судалгаатай, төлөвлөлттэй болно. Цаашдаа боомтуудыг эрэмбэлэх, ямар бүтээгдэхүүн экспортлохоос хамаарч ангилах судалгаа хийгдэж байна. Ингэхдээ боомтын ойролцоох уурхай, ордуудын нөөцийн чадамж, цаашлаад хил залгаа Орос, Хятадын боомтуудын төлөвлөлттэй уялдуулах нь зүйтэй гэж үзжээ. Далайд гарцгүй улсын хувьд Монголд хуурай боомтыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн концепц ЭЗХЯ-нд байна. Олон улсад нэлээд дэлгэрсэн хуурай боомтыг Замын-Үүд, Сайншанд, Алтанбулагт хөгжүүлэхээр төлөвлөжээ.
МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Уул уурхайн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлж байгаа нөлөө” илгэлдээ Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт татах чадавхыг улс орнуудтай харьцуулсан байна. Дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлд 77 төрлийн ашигт малтмал олборлож байгаа бол Монголынх 8 төрөл байх жишээний. Өнөөгийн байдлаар дэлхийд 1.2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтаар уул уурхайн 13 мянга гаруй төсөл хэрэгжиж байна. ГШХО татахын төлөө орнууд хүчтэй өрсөлдөж, зарим улс татварын тодорхой хөнгөлөлт “амлаж” байгаа юм. Ийм шийдлээр Монгол богино хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой. Харин үүнд улс төрийн зоригтой санаачилга, манлайлал хэрэгтэйг хэлж байна.
Сүүлийн 5 жилд Монголд улс төрийн тогтвортой байдал сайжирсныг УУХҮ-ийн дэд сайд тэмдэглэсэн. Тэрээр, олон улсад өрсөлдөх Монголын давуу тал бол геологийн нөөцийн потенциал гэв. Манай улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойших хугацаанд ашиглалтын 50 лиценз тутмын 1 нь хайгуулынх болж шилжжээ. Сүүлийн 5-6 жил хайгуулын лицензийн тоо ашиглалтынхаас бага болсон. Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох нөхцөл бүрдсэн, удахгүй олгож эхлэхээр бэлтгэж байна.
Чуулганы үдээс хойш “Кью Эм Си“ компанийн Ерөнхий захирал М.Дагва удирдсан “Монголын өрсөлдөх чадвар, ирээдүйн чиг хандлага” хэлэлцүүлэгт УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, салбарын яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, тус яамны Газрын тосны бодлогын газрын Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалай, мөн Монголын бизнесийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Б. Жавхлан нар оролцсон юм. Монгол Улс, тэр дундаа эрдэс баялгийн салбарт ГШХО татахад тулгамдсан, шийдвэрлэх асуудлуудыг нээлттэй хэлэлцэн, үзэл бодлоо илэрхийллээ. 

2 дахь өдрийн(2022.09.20)чуулганаар хөрөнгө оруулалт, нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхай, орон нутаг зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэнэ. 

Энэ 7 хоногийн турш үргэлжлэх Mining week-ийг  дүгнэж баасан гаригт Монгол Улсын Ерөнхий сайд үг хэлж арга хэмжээг хаах юм.