- Дэлхийн зэс үйлдвэрлэлийн 16% хоёрхон компанийн мэдэлд очих уу? -
Дэлхийн уул уурхайн хамгийн том компани BHP нь 108 жилийн түүхтэй Anglo American-ыг худалдаж авах санал тавьсан өнгөрсөн оны тавдугаар сард хоёр гигант хэлэлцээр анхаарлыг төвд орсон юм. FT мэдээлснээр, Мелбурн хотод төвтэй BHP энэ саналаа зогсоож буй аж. Тус компани илүү үнэтэй худалдан авалт хийхээс эргэлзэж байна гэж шинжээчид үзэж байгаа юм. Anglo American-ыг 49 тэрбум ам.доллароор “залгих” хэлцэл ийнхүү бүтэлгүйтжээ. BHP дахин оролдлого хийхийг салбарынхан үгүйсгэхгүй байна.
Anglo American-ы хувьд Өмнөд Африк дахь алмаз, цагаан алтны, Австрали дахь нүүрсний, Бразил дахь никелийн төслүүдийн хувь эзэмшлээсээ татгалзаж байгаа аж. Тус компанийн багцын 60 хувийг зэс эзэлж байна.
Харин BHP-ийн тухайд одоогоор дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Escondida-д 10 тэрбум ам.доллар зарцуулан хөгжүүлэлтэд төвлөрч буй аж. Эл уурхайн 30 хувийг Rio Tinto эзэмшдэг.
Өнөөдрийн зах зээлийн үнэлгээг авч үзвэл, BHP болон Anglo хоёрын нэгдэл ойролцоогоор 160 тэрбум ам.доллар болно. Энэ нь Glencore болон Rio Tinto хоёрыг нэгтгэсэнтэй адил юм. Харин зэсийн нэгтгэсэн үйлдвэрлэлийн хэмжээгээр Glencore, Rio Tinto-г гүйцэхгүй аж.
Glencore болон Rio Tinto хоёрын нэгдэн, нийлэх хэлэлцээр үргэлжилж байгаа ч ямар нэгэн ахиц гараагүй талаар мэдээллүүд цацагдаж байна.
Хэрэв энэ 4 гигант нэгдэх тохиолдолд дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 16 хувь нь хоёрхон компанийн мэдэлд байна гэсэн үг.
Glencore, Rio Tinto нэгдэх юм бол зэсийн үйлдвэрлэл нь өсөх боломж, нөхцөл Rio-ийн төслүүдээс ихээхэн хамаарна Benchmark Mineral Intelligence онцолжээ. Тухайлбал хэрэв Аризон дахь Resolution төсөл ямар нэг байдлаар сэргэвэл хоёр компанийн зэсийн үйлдвэрлэл их биш ч нэмэгдэхэд нөлөөлнө. Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор энэ боломж илүү байгаа гэж ажиглагчид харж байна. Resolution төслийн 55 хувийг Rio Tinto, үлдсэн хувийг BHP эзэмшдэг учир үйлдвэрлэл жилд 450,000 тонн болж нэмэгдэх магадлалтай аж. Түүнчлэн, Монгол дахь 66 хувийн эзэмшилтэй Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 2030 он гэхэд 500,000 тонн хүрэх зорилттой бөгөөд далд уурхайн өргөтгөл тогтвортой явагдаж байна. Escondida уурхайн зэсийн үйлдвэрлэл 1.3 сая тонн буюу оргил хэмжээндээ хүрэх хугацаа нь 2025 он.
Glencore ч зэсийн зах зээлд хувь нэмрээ оруулж байгаа. Тус компанийн онцгой хөрөнгө бол 76 жилийн ашиглагдах Collahuasi уурхайн 44 хувийн эзэмшил юм. Мөн Латин Америк дахь шинэ нээлтүүдийн томоохон багцтай бөгөөд West Wall, El Pachón, MARA зэрэг төслүүдийг ойрын арван жилд зэсийн томоохон уурхай болгон хөгжүүлэх боломжтой гэж Benchmark Mineral Intelligence дурджээ.
Гүйцэтгэх захирал асан Айван Глазенбергийн удирдлага дор 2014 онд Glencore компани Xstrata-г 90 тэрбум ам.доллароор эзэмшсэнээс хойш хоёр жилийн дараа Rio Tinto-той нэгдэх анхны оролдлогоо хийсэн юм. Өнөөгийн байдлаар Glencore-ийн жилийн 228 тэрбум ам.долларын орлого нь өрсөлдөгчдийнхөө орлогоос доогуур байгаа ч Rio-той нэгдэх саналаасаа татгалзаагүй хэвээр байна.