Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан, "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, "Эрдэнэс ҮТП" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр болон холбогдох албаныхан “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, мөн Баргилтын төмрийн хүдрийн ил уурхайд (2025.01.03) ажиллав.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын Ерөнхий инженер буюу үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга М.Болдбаатар “Бор-Өндөр” үйлдвэрлэл технологийн паркийн мэдээллийг танилцуулсан байна. Тус парк жонш, цахиур гүн боловсруулах цогцолбор үйлдвэрлэл хэлбэрээр байгуулагдах юм. Бор-Өндөр үйлдвэрлэл,технологийн парк байгуулагдсанаар Хэнтий аймгийн ДНБ 25-30 хувь, Бор-Өндөр сумын ДНБ 60 хувиар өсөж, шинээр 2500 ажлын байр бий болно гэж тооцоолжээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дээрх аж үйлдвэрийн паркийг байгуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, салбарын болон зах зээлийн хэрэгцээ шаардлагад үндэслэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
Баргилтын төмрийн хүдрийн ил уурхайг 2011 оноос ашиглаж эхэлсэн. 2013 оноос жилд 600 мянган тонн төмрийн хүдэр боловсруулах, 300 мянган тонн төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. 2017 онд уурхай нь 1 сая орчим тонн хүдэр олборлож, 2018 онд 1.88 сая тонн хүдэр олборлох төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлжээ. Үйлдвэр 1100 гаруй ажилтантай. Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хийдлээс үүдэж техникийн шинэчлэл хийж чаддаггүй. Үүнээс үүдэн олборлолт, ажлын бүтээмж, орлогод сөргөөр нөлөөлж буй аж.