Зэсийн үнэ өсч байна

Улаан металлын импортод 25 хувийн татвар ногдуулах асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Конгресс дээр үг хэлэхдээ хөндсөн нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлжээ. Илүү хурдан хугацаанд хүчин төгөлдөр болох магадлалтай гэж худалдаачид хариу үйлдэл үзүүлж Comex бирж дээр зэсийн үнэ 5 хувиар нэмэгдээд байна.  

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын үүднээс тус улсын Худалдааны яам томоохон шалгалт хийнэ гэж Д.Трамп мэдэгдсэн бөгөөд шалгалтын үр дүн зэсийн татвар ногдуулж магадгүй гэж судлаачид таамаглаж байгаа юм. Энэ мэдэгдэл нь улаан металлын ханш огцом нэмэгдэхэд хүргэжээ. 

Татвар ногдуулах эсэхийг шийдвэрлэхэд яаманд хэдэн сар шаардлагатай ч, АНУ-ын Ерөнхийлөгч зэсийн импортод 25 хувийн татвар тогтоож буйгаа (2025.02.25) мэдэгдсэн байна. Үүний өмнө тэрээр хөнгөн цагаан, гангийн импортын 25 хувийн татварыг гуравдугаар сарын 12-ноос мөрдөж эхлэх тушаалд гарын үсэг зурсан. 

Saxo банкны түүхий эдийн стратеги хариуцсан дарга Оле Хансен "25 хувийн татвар нь зах зээлийн хүлээж байсан зүйл биш байсан. Одоо худалдаачид үнээ зөв түвшинд хүргэхийг хичээж байна. Дэлхийн худалдааны урсгал тасрах нь бодит үнэн" гэжээ. 

Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ 9500 ам.доллар/тн хэлбэлзэж байгаа бол Comex дээр 1000 ам.доллароор илүү арилжаалагдаж байна. Биржүүдийн ханш харилцан адилгүй, ихээхэн зөрүүтэй байгаа зах зээлд тодорхойгүй байдал үүссэнийг илтгэж байгаа гэж шинжээчид тайлбарлаж буй. 

Өнгөрсөн жил үнэ өссөнөөс хойш Comex-ийн зэсийн нөөц нэмэгдсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд буурч байгаа нь АНУ-ын үйлдвэрлэгчид татвар хүчин төгөлдөржихөөс өмнө нийлүүлэлтээ нөхөхийг эрмэлзэж байгааг харуулж байна.