С.БОЛД-ЭРДЭНЭ
Монголын уул уурхайн салбарынхан энэ7 хоногийн турш чуулж байна. Хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, аж үйлдвэржилт, гүний уурхай, үүсмэл ордын ашиглалт, орон нутгийн харилцаа гээд олон сэдвээр бие даасан хурлууд энэ өдрүүдэд болж байна. Ковидын үеэр хөл хорионд удсан уул уурхайн салбарынхан ч энэ өдрүүдэд зүгээр нэг 100 жилийн ойн баяр тэмдэглээд өнгөрөхийг хүссэнгүй. Жаргал зовлонгоо хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудаа ярьж, асуудлуудаа хамтарч шийдэхэд анхаарч, төрийн оновчтой шийдэл, дэмжлэгийг “горьдож” явна.
Ковидын үе, хил, боомтын асуудал, геополитикийн нөхцөл байдал, инфляц, ам.долларын ханшийн өсөлт гээд олон асуудал уурхайчдын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа гэдгийг компаниудын төлөөлөл олноороо хэлж, ярьж байна. Бодит байдлыг судалж, тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхгүйгээр зөвхөн нүүрс, зэс, алтны үнэ өндөр байна гэдэг байдлаар уул уурхайн компаниудад хүнд ачаа үүрүүлж байгаад гомдолтой нь олон байв.
Тухайлбал алтны компаниуд цианидын хомдолд орж, жижиг дунд уурхайнууд эхнээсээ үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Бусадтай л адил хил боомтын гацаа үүнд нөлөөлж байгаа бөгөөд цианидын тээврийн зардал өндөр болж, боомт дээр хэтэрхий их удаж байгаа аж.
Алтны салбар гэлтгүй нүүрснийхэн ч дутхааргүй олон асуудалтай тулгарч, хүчин мөхөстөж байгаагаа өвөр зуураа ярьж байна. Тэсэлгээний бодис ч ховордож, үнэ нь улам бүр өсөж байгаа, уурхайн зардлын хамгийн том хэсгийг бүрдүүлдэг түлшний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад бараг 2 дахин өссөн, долларын ханшийн өсөлтөөс хамаарч уурхайд хэрэглэдэг гол бүтээгдэхүүнүүдийн үнэ ч нэлээд өсжээ. Энэ мэтчилэн олборлолтын зардал нь огцом нэмэгдэж, экспортын хэмжээ дорвитой өсөхгүй байхад АМНАТ-ийн дарамт бүр нэрмээс болж байгааг нүүрсний компаниуд учирлаж байна.
АМНАТ-ийн хувь хэмжээнд асуудал байгаа юм биш. Судалгаагаар манай нүүрсний экспортод төлдөг АМНАТ-ийн хувь хэмжээ гол өрсөлдөгч Австрали, Индонез улстай ойролцоо 7-10 хувь буюу өрсөлдөх чадвартай байдаг аж. Гагцхүү АМНАТ тооцох жишиг үнэ нь бодит борлуулалтын үнээс хамаагүй өндөр байна хэмээн нүүрсний компаниуд онцолж байна. Тухайлбал нэг хэсэг тонныг нь 100 ам.доллараар экспортолж байгаа компаниас 200 ам.долларын жишиг үнээр бодож АМНАТ авсан нь 20-30 хувийн АМНАТ төлж байгаагаас ялгаагүй дүн юм. Энэ тухай салбарын мэргэжлийн холбоод ч байр сууриа тодорхой илэрхийлсэн.
Нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “АМНАТ нүүрсний борлуулалтын үнийн 30 хувь хүрсэн. Зэсийн үнэ 5000 ам.доллар хүртэл 5%, 5000+1 доллар болмогц 15% болдог гэх мэт алдаатай зохицуулалттай. Ийм үед гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх үү? Дээр нь гадаадад өссөн хэмжээнээс нь л авдаг байтал манайд нийт дүнгээс нь АМНАТ авчихдаг” хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Нүүрс, жоншны АМНАТ-ийг ногдуулахдаа тооцох жишиг үнэ нь маргаан дагуулсаар байна. Энэ шийдвэр нь Татварын ерөнхий хуульд заасан татвар шударга, үр ашигтай байх зарчмыг илт зөрчиж, үндэслэлгүйгээр татвар ногдуулсан үйлдэл болсон. Тодруулбал жишиг үнийг зарлахдаа өөрийн улсын гарал үүсэлтэй нүүрсэнд хамаарах үнийг бодитойгоор тооцолгүйгээр гадаадын зах зээл дэх үнийг шууд ашиглаж буйгаас хасагдвал зохих зардлуудыг тооцололдоо бүрэн хамруулж хасдаггүйн улмаас АМНАТ-ийн бодит ачаалал борлуулалтын гэрээний үнийн 29 хүртэл хувь болж нэмэгдсэн нь татварыг тогтоох, ногдуулахад шударга байх зарчмыг алдагдуулж байна” гэв.
Уг нь УУХҮЯ-наас нүүрсний ангиллыг шинэчилж, илүү нарийвчлалтай болгосноор АМНАТ-ийг бодитой тогтооход чухал нөлөөтэй гэж мэдэгдсэн. Гэсэн ч шинэчилсэн ангилал нь төдийлөн үр дүнтэй арга хэмжээ биш юм байна хэмээн компанийн төлөөллүүд ярьж байна.
АМНАТ-ийн асуудал зөвхөн нүүрсний салбарт хамааралтай биш аж. Үүсмэл ордын ашиглалт хурлын үеэр ч оролцогчид АМНАТ-ийн асуудалыг сөхсөн. “Ачит Ихт” компанийн ТУЗ-ийн дарга П.Цагаан “АМНАТ бол ашигт малтмалыг олборлосныхоо төлөө нэг удаа л төлдөг төлбөр. Гэтэл олборлогч уурхайн компани, хүдрийг нь баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд бүгд шат шатандаа төлөх юм шиг ойлгогдоод байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Энэ байдлаар үргэлжилбэл нүүрсний компаниуд ихээхэн алдагдалд орох, нүүрсний салбараас орж байгаа татвар, валютын орлого илт буурах нь тодорхой юм. Төсөв мөнгөний гачаалалтай байгаа үед Татварын орлого өндрөөр бүрдүүлэх зорилгоор бодит бус үнээр тооцож АМНАТ авах нь нүүрсний компаниудаа бүр ч хүнд байдал руу түлхэж байгааг холбогдох яам, дарга нар дуулгахыг тэд хүсэж байна.
Үүнтэй адил зүйлийг төрөл бүрийн ашигт малтмал дээр баяжуулах, боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын төлөөлөл ч давтаж байсан юм. Шинээр жижиг хэмжээний зэсийн уурхай нээх, баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж компани ч бас АМНАТ зах зээлийн үнээсээ хамаараад өндөр хувьтай байгаа нь уурхай эхлэхэд ашиггүй болгож байгааг хэлсэн. Өртөг зардал нь огцом өссөн болохоор зэсийн үнэ өндөр байх тусмаа бараг ашиггүй гэсэн тооцоолол гараад байгааг бодитоор хүлээн авч, тодорхой өөрчлөлт хийхийг төсөх хэрэгжүүлэгчид, компаниуд хүсэж байна.