Төрийн өмчийн компаниуд экспортын хэмжээг 1 тэрбум ам.долларт хүргэх үүрэг авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан мэдээллийг өнөөдөр (2025.03.26) Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Тэрээр хэлэхдээ, "Экспортыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн ээлжит тайланг Засгийн газарт хүргэлээ. 2025 оны гуравдугаар сарын 13-нд Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хугацаанд бид валютын нөөц, импорттой холбоотой, экспорт буурсантай холбоотой сөрөг дарамтууд ирж байгаа. Энийг зөв оношлох, цаг алдалгүй зөв арга хэмжээ авах дээр анхаарч ажиллаа. Өнгөрсөн 7 хоногт Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаа. Гурван боомтын дүр зураг харилцан адилгүй байна. Гашуунсухайт, Ханги боомт "Эрдэнэс Тавантолгой" ХК биржтэй холбоотой гол эх үүсвэр нь тэнд байдаг учраас асуудлууд ойролцоо. Хилийн наана, цаана нүүрсний овоолго үүссэн, цаанаас татан авалтгүй учраас биржийн арилжаа явагдах боломжгүй ийм механик шалтгаан байна. Цаад шалтгаан нь нүүрсний үнэ буурсан. Импортолж буй талууд нэлээд алдагдалд орсон. Дахиж биржийн арилжаанд орж нэмж авах боломжгүй болчихсон. Гэсэн хэдий ч бид боомтоос хамаарах хийх зүйл байна. Тээврийн өртгийг бууруулах, энэ хоёр боомтод хоёуланд нь төмөр зам хүрсэн байна. Концессоор хийгдэж байгаа замууд шинэ боломжууд тавигдсан. Эдгээрийг ажилд оруулах. Нэгэнт тавигдчихсан суурь дэд бүтцийн өртгийг бууруулах, төмөр замд гаргах, буулгах бүхий л өртгийг бууруулах тал дээр талуудтай уулзаж, хэлэлцэж шийдвэрүүдийг гаргаж ажиллаа. Төмөр замын өртгийг өөрсдөөс шалтгаалах 50 хувиар бууруулах шийдвэр гарсан. Ханги боомтын хувьд иймэрхүү байна. 

Гашуунсухайт боомтын хувьд ерөнхийдөө адилхан байна. Дээрээс нь цаад талдаа их хэмжээний овоолго үүссэн. Хилийн цаана 4.5 сая тонн овоолго үүсгэх боломжтой хэдий ч энэ нь тулсан байна. Энэ жоохон зөрүүний боломж дээр бирж дээрх арилжаа үүсэх боломж бүрдээд байгаа.

Шивээхүрэн боомтын дүр зураг нөгөө хоёроос өөр байна. Нарийнсухайт гарч байгаа нүүрс 100 хувь хувийн хөрөнгө оруулалттай компанийн экспортууд байгаа. Тэнд зах зээлийнхээ жамаар бидний тооцоолж байснаас амжилттай явж байна. Энэ жилийн төлөвлөгөө 25 сая тонн гэж байгаа. Өнгөрсөн жил 24 сая тонныг гаргасан. Нэгдүгээр улиралд 5 сая тонныг гаргах төлөвлөгөөтэй. 5 сая тонндоо хараахан хүрэхгүй ч дөхөж очихоор байна. Шивээхүрэн-Сэхэ боомт дээр хил дамнасан, наана өртөө, боомтын цогц бүтээн байгуулалт сайн хийгдсэн. Үүнийг хувийн хэвшил үүрэг хүлээж хийгдсэн бүтээн байгуулалтын ажил байгаа. Тээвэрлэлтийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж байгаа. Тэнд ажиллаж байгаа хувийн компаниуд боомт ашиглалтад орвол дор хаяж 50 сая тонн нүүрс гаргах боломжтой болно. Энэ үед АМНАТ-ийн хувь хэмжээ том цохилт болж байна. Бодит өртөг экспортын үнээс давж алдагдалд орж байна. Илчлэг багатай нүүрс дээр эргэж хараач, дээрээс нь бүтээн байгуулалтууд нэгэнт хийгдчихсэн учраас яаралтай ашиглаж эхэлмээр гэсэн асуудлыг ярьсан. Маргааш УИХ-д дээр хэлэлцэх Гашуунсухайт-Ганцмод бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой гэрээг соёрхон баталмагц Шивээхүрэн-Сэхэ боомтын ажлын хил холболтын ажил яригдана. Энэ боомтыг холбоход хоёрхон сарын хугацаанд хийгдчих ажлууд байгаа. Хэрэв хоёр сарын дотор хийчихсэн юм бол 70 жилийн өмнө УБТЗ Замын-Үүд-Эрээний боомт холбогдсоноос хойш анх удаа хийгдэх ажил болно. 

Экспортыг нэмэгдүүлэх гол зорилго нь валютын нөөцийг нэмэгдүүлэх байгаа. Нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь экспортыг нэмэгдүүлэх. Дээр нь Төв банк дээр байгаа валютын нөөцийг санхүүгийн зах зээл дээр гарч ирж байгаа боломжуудыг ашиглаж богино хугацаанд нэмэгдүүлэх боломж байна гэсэн чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Юуны түрүүнд, Засгийн газрын өмнө нь гаргасан бондуудыг дотоодын санхүүгийн институцууд нийтдээ 700-800 сая бондыг эзэмшиж байдаг. Энийг мөнгөжүүлж, дотооддоо оруулж ирснээр валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж байна. Засгийн газрын зүгээс Хадгаламжийн даатгалын корпорацад байгаа 230 сая ам.доллар, Төрийн банканд эзэмшиж 50 сая ам.долларыг долларжуулж, мөнгөжүүлж авах шийдвэрийг гаргалаа. Үүн дээр нэмэх нь Монголбанк алт дээрх гарч байгаа нөөцөө дайчилна. Энэ жилдээ 18 тонн алт авна гэж байгаа. Одооны ханшаар 1.8 тэрбум ам.доллар. Энийг урьдчилж авах боломж байна. Хоёр 7 хоногийн хугацаанд 300-аад сая ам.долларыг урьдчилж оруулж ирэх, ингэснээр богино хугацаанд сарын дотор Монгол Улсын валютын нөөцийг 530 сая ам.доллароор бодитоор нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байна. Энэ бол өнөөдөр гэнэт гарч байгаа зүйл биш. Сүүлийн 2-3 жил Засгийн газрын гадаад өрийн талаар авч хэрэгжүүлсэн оновчтой үр дүнгийн үр дүнд бий болсон. Бид бүх тулчихсан бондыг төлөхийн төлөө хойшлуулахыг хойшлуулж чадсан. 2025, 2026 онуудад төлөх байсан 1.3 тэрбум ам.долларын бондын төлбөр байхгүй болсон. Дээрээс 2011, 2012 онд хүрч байсан зээлжих зэрэглэл хамгийн дээд хэмжээнд өнгөрсөн жилийн намар хүрч чадсан. Гадаад зах тэр хэмжээгээр итгэл хүлээлгэж байна. Тиймээс санхүүгийн хэрэгслүүдийг мөнгөжүүлж, валютжуулах итгэлийг гадаад талд үзүүлж байна. 

Үүнээс гадна экспорт хариуцаж байгаа "Эрдэнэт", "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой", "Критикал Минералс" компаниуд нийлээд энэ жил 500 сая ам.долларын экспорт хийнэ гэсэн бол 1 тэрбум ам.доллар болгох үүргийг өглөө. Энэ бол жилийн турш гаргах боломжуудыг дайчилж ажиллана. 

Аж ахуйн нэгжүүд энэ жил хийгдэх шинэ бүтээн байгуулалт, импортыг эрэмбэлж, хойшлуулахыг нь хойшлуулах тогтоол гарлаа." гэв.