Шинжлэх Ухааны Академийн Геологийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг Монгол Улсын ууган геологич, геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “Залуу судлаач-2025” эрдэм шинжилгээний Бага хурал (2025.11.07) болж өнгөрлөө.
Эрдэм шинжилгээний Бага хуралд анх удаа шүүгчээр оролцож буй Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Т.Мөнхбат хэлэхдээ, “Манай геологийн албаны эрдэмтэн геологич Ж.Дүгэрсүрэн гуайн нэрэмжит “Залуу судлаач-2025” хурлыг Геологийн хүрээлэн өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын анхаарал татах зүйл бол дотооддоо ажилладаг геологичид янз бүрийн чиглэлээр өөрсдийн судалгааг хийсэн байна. Мөн гадаад улсаас магистр, докторантууд илтгэл танилцуулаа. Сэдвүүд нь өргөн хүрээтэй байгаа нь манай геологийн салбарын хөгжлийн чиг хандлага ирээдүйтэй байгааг харуулсан явдал болж байна. Сүүлийн үед геологийн салбарт гадаад харилцаа хөгжиж буйтай холбоотой төрөл бүрийн цаг үед үүссэн чулуулгуудын насыг тогтоох боломж илүү нэмэгдсэн гэж харагдлаа” гэв.
Тус Бага хуралд хоёр дахь удаа эрдэм шинжилгээний илтгэлээр оролцсон МУИС, ШУС, БУС, ГГТ-ийн оюутан М.Мягмархорол өөрийн судалгааны тухай “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Дунд Юрийн настай Цагаан-Овоо шатдаг занар, газрын тосны үүсэх хэтийн төлөвийг тодорхойлох, үнэлэх гэсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. Цагаан-Овоо нүүрсний орд нь өөрөө шатдаг занартай. Энэ шатдаг занар газрын тос агуулж байна уу, органик материал хэр агуулж байна, тос үүсэх цооногийн температур хүрч байна уу гэдгээс хамаарч Төв Монголын доод Цэрдийн настай шатдаг занартай харьцуулж газрын тос үүсэх боломжтой гэж гаргаж ирсэн” хэмээн танилцууллаа.
“Залуу судлаач 2025” хурлын онцлогийг өмнө нь шүүгчээр ажиллаж байсан доктор, профессор С.Жаргалан хэлэхдээ, “Энд тавигдсан илтгэлээс Т.Номингийн энергитэй холбоотой илтгэл анхаарал татлаа. Яагаад гэвэл сүүлийн үед дэлхий дахинд гэлтгүй Монголд хүртэл энерги гэдэг ойлголт асуудал болж байна. Хурлын үеэр хүртэл цахилгаан тасарлаа. Тэгэхээр орлуулах зүйл юу байна вэ гэдгийг критикал минерал зэргээр олон улсад янз бүрээр ярьж байна. Тэр дундаа Японд устөрөгчийн судалгаа илүү сайн хийгдэх болсон. Манайд ч ийм төрлийн нарийн багаж нь ороод ирчихсэн байгаа. Цаашид эрдэм шинжилгээний хурлыг инновацлаг судалгаа руу чиглүүлэх нь зүйтэй юм болов уу” гэв.
Эрдэм шинжилгээний Бага хурлын шагналын эздийг тодруулахын өмнө “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн ерөнхий геологич Д.Алтанхуяг үг хэлсэн. Тэрбээр “Нийт судлаач, оюутан, их, дээд сургуулиудын багш, профессорууд, Шинжлэх Ухааны Академи, Одон орон, Геофизикийн хүрээлэн, Дүгэрсүрэн сангийн хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Ийм сайхан үйл явдлыг зохион байгуулж, салбарын ирээдүй болсон судлаач нараа дэмжиж тодорхой үр дүнд хүрч байгаад таатай байна. Ер нь Монголын геологийн шинжлэх ухааны судалгаа дэлхийн түвшинд очсон нь нэгэнт тодорхой харагдлаа. Түрүүн бодож суулаа. 1938 онд Ж.Дүгэрсүрэн гуай сургуулиа төгсөөд ирсэн. Төгсөж ирээд Монголын геологи хэр зэрэг хөгжсөн, ялангуяа геологийн судалгааны ажил, шинжлэх ухаан талаас нь хэрхэн харах байсан бол гэдэг нь сонирхолтой байдаг. Хэрэв Ж.Дүгэрсүрэн геологич өнөөдөр энд байсан бол эдгээр илтгэлийг сонсоод ямар өндөр түвшинд хүрчихсэн бэ гэж үнэлэх байсан болов уу. Нөгөө талаар энд тавигдсан илтгэлүүдийн судалгааны чиглэл, объект бүр нь өөр өөр байна. Гэхдээ геологийн шинжлэх ухаанд шинэ юмыг нээх гэдэг үндсэн зорилгыг анхаарч хараасай гэж бодож байна. Сонирхолтой зүйлийг энд бас нэмж хэлмээр байна. 1963 онд Эрдэнэтэд чехүүд очиж үндсэндээ хайгуул, судалгааны ажлыг албан ёсоор эхлүүлж, ордыг нээсэн байдаг. Тэр чехүүдийг авч очсон хүн бол Ж.Дүгэрсүрэн гуай гэж бичээстэй байдаг. Тийм учраас Эрдэнэтийг нээх ажилд давхар оролцсон гэдгийг хэлмээр байна” гэв.
“Залуу судлаач-2025” эрдэм шинжилгээний Бага хурлын шагналын эздээр
Тавдугаар байр: Ч.Баярмаа ”Чонохарайх талбайн остракодын судалгаа”, ШУТИС, ГУУС, ГТ-ийн оюутан (Удирдагч: Доктор (Ph.D) Ж.Ундаръя)
Дөрөвдүгээр байр: Б.Түвшинжаргал “Таван хар уул орчимд тархалттай Палеозойн хувирмал чулуулгийн структур, геохими ба зөөгдмөл циркон дахь U-Pb изотопын судалгаа", ШУА, Геологийн хүрээлэнгийн ЭШДадА; ШУТИС, ГУУС, ГТ-ийн магистрант (Удирдагч: Доктор (Ph.D) С.Төрболд)
Гуравдугаар байр: Б.Уянга “Вадати диаграмм” аргаар газар хөдлөлтийн эхэлсэн хугацаа болон хурдны харьцааг тодорхойлох нь", ШУА, ООГФХ-гийн ЭША, (Удирдагч: Доктор (Ph.D) А.Мөнхсайхан; Докторант Б.Даариймаа)
Хоёрдугаар байр: Т.Номин “Серпентинжих процессоор ялгарсан устөрөгчийн тооцоолол: Баянхонгор офиолитын жишээ" Япон Улсын Тохоку Их Сургууль, GeoMaterial and Energy Science Lab (Okamoto lab) докторант (Удирдагч: Доктор (Ph.D) Окамото Ацүши)
Нэгдүгээр байр: Б.Баярмаа “Баянхонгорын дэрэн лавын судалгаа ба цардасын зузаан", ШУА, Геологийн хүрээлэнгийн ЭШДадА, бакалавр (Удирдагч: Доктор (Ph.D) С.Төрболд; Докторант Б.Даариймаа) нар тус тус шалгарсан.
Бага хурлын үеэр шүүгчдийн онцолсон илтгэл болох, тус эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр эзэлсэн Геологийн хүрээлэнгийн дадлагажигч оюутан Б.Баярмаагаас судалгааных нь талаар сонирхлоо. Тэрбээр хэлэхдээ,
“Судалгааны ажлаараа Баянхонгорын бүсэд тархалттай офиолит эвшилийн дээд хэсэг буюу дэрэн лавын судалгаа хийсэн. Баянхонгорын бүс нь Төв Азийн ороген бүс дэх томоохонд тооцогддог офиолит буюу далайн царцдас бөгөөд тус офиолитын үүсэн орчныг өмнөх судлаачдын үзэж байгаагаар субдукцтай холбоотой болон холбоогүй хөдөлгөөнөөр үүссэн талаар одоог хүртэл маргаантай байдаг. Тухайн бүсээс офиолитын бүрэн зүсэлт олдсон байдаг боловч дэрэн лавын нарийвчилсан судалгаа огт хийгдээгүй. Иймээс анхны дэрэн лавын нарийвчилсан судалгааг геохими, Sm-Nd изотопын судалгаа болон геофизикийн судалгаанд үндэслэн тус бүсийн геодинамик хөгжлийг тайлах оролдлого хийсэн. Судалгааны үр дүнд тус бүсийг субдукцтай холбоогүй хөдөлгөөнөөр үүсэн буюу далайн голч нурууны найрлагатай гэж тогтоогдохоос гадна Sm-Nd изотопын судалгаагаар Баянхонгорын бүсэд тархалттай чулуулгууд нь магмын гаралтай неопротерзойн үеийн чулуулгууд гэж үзсэн” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Уянга өөрийн нэрэмжит шагналыг бакалавр, магистрантын хоёр оюутан болон удирдагч багшид олгохоор болсон. Үүнд:
М.Отгон “Транс-Алтайн бүс дэх Алтан уул орчим тархалттай хувирмал чулуулгийн петрологийн судалгаа", ШУА, Геологийн хүрээлэнгийн ЭШДадА; бакалавр (Удирдагч: Доктор (Ph.D) С.Төрболд)
Ч.Анхбаяр “Жанчивлан бүрдлийн цирконы геохимийн хувьслын судалгаа", Япон Улс, Тохоку Их Сургууль, магистрант. (Удирдагч: Доктор (Ph.D) Г.Ариунцэцэг; (Ph.D) Б.Мөнхцэнгэл) нар шалгарсан байна.



















