Э.ОД
Сүүлийн жил гаруйн хугацаанд нүүрсний “сэргэн мандалт” нь дэлхий дахиныг гайхшируулав. Эрчим хүчний нүүрс 440 ам.доллар, коксжих нүүрс 600 ам.доллар хүрнэ гэдгийг салбарынхныг ч тооцоолоогүй, бас төсөөлөөгүй хэмээн консалтингийн H&W-ийн Нейл Бристоу захирал Канадын Нүүрсний ассоциацийн бага хурал дээр ярьжээ. Орос Украины зэвсэгт мөргөлдөөн дэлхийн эрчим хүчний зах зээлийг донсолгож, нүүрсний үнийг өсгөсөн ч бодит байдал дээр түрэмгийллээс хэдэн сарын өмнө эрчим хүчний нүүрсний үнэ өссөн. Учир нь Европ аль хэдийн эрчим хүчний хомсдолд орсон. Ган үйлдвэрлэхэд ашигладаг металлургийн нүүрснээс илүү эрчим хүчний нүүрс үнэ цэнтэй болохыг амьдралдаа харж байгаагүйг Нейл Бристоу захирал хэлжээ. Харин өнөөдөр коксжих нүүрсний үнэ нь эрчим хүчний нүүрснээс хямд байна. Австралийн нүүрсний олборлолт 2016 онд дээд цэгтээ хүрсэн ба эрчим хүчний нүүрсний өнөөгийн гэнэтийн эрэлтийг хангах боломжгүй гэж тэрээр үзэж буй. Канадын хувьд металлургийн нүүрсний томоохон үйлдвэрлэгч экспортлогч боловч эрчим хүчний нүүрс бага экспортолдог.
2028 оноос хойших дэлхийн хэрэгцээг хангах хэмжээний коксжих нүүрсний үйлдвэрлэл хомс учир шинэ уурхайнууд маш их хэрэгтэй байгааг анхааруулжээ
Их Британи болон Европ нь Оросоос импортолж байсан 47 сая тонн нүүрс “олох” шаардлага үүссэн. Үүнийг АНУ-ын нүүрсээр нөхөх магадлал бага гэж Xcoal Energy and Resources компани харж байна. Америкийн нүүрсний уурхайнууд олборлолтоо нэмэгдүүлэх боломжтой ч экспортлох нүүрсний терминалын хүчин чадал хязгаарлагдмал болохыг тайлбарлажээ. Xcoal Energy and Resources компанийн Гүйцэтгэх захирал Эрни Трашер “Хятадын эдийн засаг “элгээрээ хэвтсэн” энэ үед нүүрсний өндөр үнэ тохиож байна. Хэрэв Хятадын эдийн засаг сэргэх юм бол эрчим хүчний төдийгүй коксжих нүүрсний үнэ буурахад шууд нөлөөлнө. Гэхдээ Хятадын эдийн засаг богино хугацаанд сэргэх нөхцөл харагдахгүй байгаа”-г тодотгожээ.
Ойрын саруудад дэлхийн нүүрсний зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийн 96 сая тонн орон зай үүсэх тооцоолол Канадын Нүүрсний ассоциацийн бага хурал дээр яригдаж, Европын зах зээлээс гадна Хятад, Энэтхэгийн нүүрсний нэмэгдэж буй энэхүү эрэлтийг хаанаас, хэрхэн хангах нөхцөл, боломжийн талаар санал солилцжээ. Ийм хэмжээний орон зайг нөхөхүйц нүүрс үйлдвэрлэх чадвартай улс орон дэлхийд тийм ч олон байдаггүйг H&W-ийн Нейл Бристоу онцолсон байна. Тэрээр, мөн металлургийн нүүрсний шинэ уурхай хангалтгүй байгаа тул ойрын хэдэн жилд коксжих нүүрсний үнэ өндөр хэвээр байна гэж таамаглажээ. Тухайлбал 2028 оноос хойших дэлхийн хэрэгцээг хангах хэмжээний коксжих нүүрсний үйлдвэрлэл хомс учир шинэ уурхайнууд маш их хэрэгтэй байгааг анхааруулсан байна.