Н.Учрал: Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгд Монголын баялаг

Засгийн газрын ээлжит хуралдаанд хэлэлцсэн мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2025.04.23) танилцууллаа. Тэрээр хэлэхдээ "Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт, хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшил дэх төрийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр үргэлжилж байна. Энэ хүрээнд миний бие төр, түмнээс алдагдсан стратегийн орд газруудын 34-50 хувийг Үндэсний баялгийн санд эргүүлэн авч, баялагтаа эзэн монгол, хүн бүрд үр өгөөжийг хүртээх ажлын хэсгийг ахалж байгааг та бүхэн мэдэж байгаа. Монголын баялаг бол аль ч намын өмч биш. Монголын баялаг бол хэн нэгэн улстөрч, хувийн хөрөнгө хэрхэвч биш. 

Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгд Монголын баялаг. Үүнд Төгрөг нуур, Ухаа худаг, Овоо толгой, уул, овоолго бүгд Монголын баялаг. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Тиймээс байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх, баялгийн сангаар дамжуулж эрүүл мэнд, орон сууц, боловсролд зарцуулах орчныг бүрдүүлсэн улс. Аль нам, хэн эзэмшсэн нь огт хамаагүй. Хуулийнхаа дагуу нуураа ч, худгаа ч, толгойгоо, овоогоо, овоолгоо ч авах ёстой.

Энэ бол Үндэсний баялгийн сангийн хуулиар бүрдүүлсэн эрх зүйн орчин. Стратегийн орд бол 2007 оны тогтоолд 39 орд байсан. Зөвхөн нэг ордыг ярихад олон асуудал гарч ирснийг та бүхэн харж байна. Тиймээс бид хяналт шинжилгээ хийх ёстой. Санхүүгийн хуулийн багууд ажиллаж байж ирээдүйд өр биш өв үлдээхийн тулд анхааралтай ажиллах ёстой. Баялгийн сангийн асуудлаар дөрвөн асуудал хөндье. 

Нэгт, Тавантолгой ордын Бортээгийн уурхайд "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Админерал" ХХК зэрэг МТАС түншлэлийн компаниудтай 2021 оны 11 дүгээр сарын 17-нд байгуулсан хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, баяжуулалтыг гэрээг өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болгож байна. УИХ-ын 2024 оны 9-р тогтоолыг Засгийн газарт даалгасныг бодитой шийдвэр болгосныг дуулгаж байна. 

Хоёрт, Төгрөг нуурын ордын цуглуулсан баримтад оффшороос оффшорт нуусан, орноос оронд дамжуулсан, үндэстэн дамнасан хэлхээ холбоо бүхий схем үүсгэсэн, 250 сая ам.доллароор зарсныг нотолсон гурван хайрцаг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлж өгсөн. Хуулийн байгууллага шуурхай ажиллаж, АТГ хэрэг бүртгэл нээж ажиллаж эхэлсэн гэдэг мэдээллийг АТГ-аас өгсөн гэдгийг бид сонссон. Өнөөдөр авсан мэдээллээр УЕП-ын шийдвэрээр УЕПГ, цагдаагийн газар хамтарсан өргөн бүрэлдэхүүн ажилдаа орсон. 

Монголын баялгаар муур, хулгана шиг тоглож байгаа тохиолдолд Монголын хууль дуудах ёстой. Ямар нэг ялгаварлан гадуурхал байх ёсгүй. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжих ёстой. Тиймээс бид Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үүднээс хандах ёстой. 

Гуравт, "Эм Си Эс" группийн "Энержи Ресурс" ХХК-ийн Ухаа худагийн ордод авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн. Ажлын хэсэг байгуулсан. Товч мэдээллийг та бүгд авсан. Үндэсний баялгийн санг ахалж буй хувиар миний бие, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан нарын гарын үсэгтэй тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Нэмэлт материалыг УИХ-д нэмэлтээр илгээж байна. 

Дөрөвт, овоолго гэж ярьдаг Ашигт малтмалын хууль, Үндэсний баялгийн сангийн хуулиар стратегийн орд, түүний үүсмэл ордын нөөцийг улсын төсвөөр тогтоосон 34-50 хувьд хэлэлцээр хийх боломжийг хуулиар олгосон. Төр хэрвээ 34-50 хувийг тогтоож авсан бол АМНАТ орлуулах уу, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр шийдэхийг УИХ-ын хурлаар шийддэг онцгой эрхтэй. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрээс гарсан үүсмэл орд, түүнд "Ачит Их" ХХК, "Эрдмин" ХХК, "Зэс Эрдэнийн Хувь" ХХК гурван ажиллаж тэрбумаар ашиг хийж байгааг та бүхэн сонссон. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэртэй 2010 онд байгуулсан 34 хувийн ашгийг "Ачит Ихт" ХХК өгнө гэсэн боловч өгөөгүй, авна гэсэн нь аваагүй. 14 жил ард түмний боломжоор бөмбөг шиг өшиглөж тоглосон. Үүнийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн тэмдэглэлээр "Ачит Ихт" ХХК төрийн эзэмшлийн 34 хувийг өгнө гэсэн хэдий ч засаг захиргааны акт биш гэсэн үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байсан. Цаашдаа бид хувийн хэвшилтэйгээ ширээний ард сууж хувь хэмжээгээ тогтоох шийдвэр гаргах ёстой. Хэдэн хувь дээр хэлэлцээр хийхийг шийдсэний дараа төр заавал хувийн хэвшилд оролцох биш, АМНАТ аваад бүтээгдэхүүн хуваахаар УИХ руу өргөн мэдүүлнэ. Энэ нь санхүүгийн шинжилгээнд суурилна. Аль нь илүү ард түмэнд ашигтай байх вэ.

Өнгөрсөн хугацаанд Цөмийн энергийн хуулийг дагуулаад бид хэрвээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ буюу тусгай АМНАТ-өөр орлуулах, өсөн нэмэгдэх АМНАТ-өөр орлуулах буюу бүтээгдэхүүний үнэ өсөхөд дагаад өсөн нэмэгдэх хэсэг нь өөрөө Баялгийн санд, тэр дотроо Хуримтлалын санд шилжих бололцоог хуулиар бий болгосон." гэв.