Хятадын газрын тос импорт өсөж, Орос олборлолтоо танаж, Монголын онгоцны түлшний импорт нэмэгдэв

Э.МИШЭЭЛ

Хураангуй: 

  • Хятад өнгөрсөн онд 553.4 сая тонн газрын тос импортлов. 

  • Орос 2025 онд олборлох газрын тосны хэмжээг 516 сая тонн болгон бууруулав. 

  • Монгол газрын тос боловсруулах үйлдвэр Jet A-1 төрлийн онгоцны түлш үйлдвэрлэх бол манай улс ОХУ-аас ТС-1 төрлийн түлш импортолж байна. 

Хятадын түүхий газрын тосны импорт 3-р сард өсөв

Гуравдугаар сард БНХАУ-ын түүхий газрын тосны импорт өмнөх хоёр сараас өссөн гэж Reuters агентлаг мэдээллээ. Ингэж өсөхөд Ираны түүхий тосны импорт голлон нөлөөлсөн байна. Үүнийг шинжээчид Иранд тавих АНУ-ын шинэ хориг арга хэмжээнээс урьтсан түр зуурын шинжтэй гэж үзжээ. Хоёрдугаар сард Хятад Иранаас өдөрт 746 мянган баррель газрын тос худалдан авч байсан бол өнгөрсөн сард 1.37 сая баррель болж өссөн. Энэ нь 2024 оны 10 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өнгөрсөн онд Ираны газрын тос Хятадын нийт импортын 13 орчим хувийг эзэлж байсан юм. 

БНХАУ өнгөрсөн онд 553.4 сая тонн түүхий газрын тос буюу өдөрт 11 сая баррель газрын тос импортолсон байна. Мөн дотооддоо 213 сая тонн буюу өдөрт 4.3 сая баррель газрын тос олборлосон. Харин 2025 онд газрын тосны хэрэглээ өмнөх оноос 1 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Үүнд нефть-химийн үйлдвэрийн эрэлт хэрэгцээ голлон нөлөөлнө гэж S&P Global-ийн шинжээчид үзжээ. Энэ онд Yulong өдөрт 400 мянган баррель, Ningbo өдөрт 200 мянган баррель газрын тос боловсруулах Sinopec компанийн нефть-химийн хоёр төсөл ашиглалтад орох юм. 

Орос 2025 онд олборлох газрын тосны хэмжээг танав

ОХУ 2025 онд олборлох газрын тосны хэмжээг 518-516 сая тонн буюу өдөрт 10.3 сая баррель болгон өмнөх зорилтоос бууруулсан байна. Улмаар эрчим хүчний экспортоос олох орлогын хэмжээ 15 хувиар багасахыг Оросын Эрчим хүчний яамнаас өнгөрсөн 7 хоногт мэдээлжээ. Ингэж бууруулах болсон шалтгаан нь 2025 оны нэгдүгээр улиралд экспортолсон газрын тосны хэмжээ ӨОМҮ-ээс 6 хувиар буурсантай холбоотой юм. Тэр дундаа газрын тосны экспортын хамгийн том түнш БНХАУ-ын импортын хэмжээ 2025 оны эхний улиралд ӨОМҮ-тэй харьцуулахад 14.7 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Энэ байдал цаашид үргэлжлэх төлөвтэй гэж шинжээчид үзжээ. Учир нь Хятадын томоохон түүхий газрын тос импортлогч Sinopec, Zhenhua Oil гуравдугаар сард АНУ-ын хоригоос үүдэлтэй Оросын ачилтуудыг зогсоосон. Гэсэн хэдий ч урт хугацааны гэрээний дагуу ПетроЧайна өдөрт 700-900 мянган баррель газрын тосыг дамжуулах хоолойгоор тогтмол авч байгааг Reuters мэдээлсэн байна. Өнгөрсөн онд Орос Хятадын нийт импортын 20 орчим хувийг (108.5 сая тонн) бүрдүүлсэн юм.  

2025 оны эхний улиралд ОХУ-ын түүхий газрын тосны экспортын 90-ээс дээш хувийг Хятад, Энэтхэг, Европын Холбоо, Турк гэсэн улсууд худалдан авсан байна. Харин газрын тосны бүтээгдэхүүнийг Турк, Хятад, Бразил, Энэтхэг, Сингапур гэсэн улсууд голлон импортолсон гэж CREA судалгааны байгууллагаас мэдээлжээ. 

Монголын онгоцны түлшний хэрэглээ нэмэгдэв

Өнгөрсөн 7 хоногт АҮЭБ-ийн сайд Ц.Туваан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр 2028 онд Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орохтой зэрэгцэн ПетроЧайна Дачин Тамсагийн олборлолтын хэмжээг 750 мянган тонн болгохоор зорьж буйгаа хэлсэн. Тус компани өнгөрсөн онд 4.1 сая баррель буюу ойролцоогоор 230 мянган тонн газрын тос экспортолсон юм. Харин Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадал 1.5 сая тонн байхаар төлөвлөсөн. Тус үйлдвэрээс таван төрлийн бүтээгдэхүүн гарах бөгөөд 80 мянган тонн Jet A-1 төрлийн онгоцны түлш үйлдвэрлэх юм. Манай улс өнгөрсөн онд 97.8 мянган тонн ТС-1 төрлийн онгоцны түлш импортолсон. Харин цар тахлын өмнөх жил буюу 2019 онд 46.5 мянган тонн ийм төрлийн түлшийг ОХУ-аас худалдан авсан байна. Цаашид онгоцны түлшний хэрэглээ өснө гэж холбогдох албаныхан мэдээлж байгаа юм. 

Нэмж тодруулахад, түлшний савыг зөвхөн нэг төрлийн түлшээр хангаж, нислэгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломжтой байдаг. Хэрэв өөр төрлийн түлшээр солих бол тухайн агуулахыг бүрэн цэвэрлэх шаардлагатай юм. Манай Чингис хаан олон улсын нисэх буудал нь нэг түлшний агуулахтай үйл ажиллагаа явуулж байна.