Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг өнөөдөр (2025.05.07) баталсан байна.
Уг тогтоолыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, "Өнөөдөр ашигт малтмал, уран болон бусад илрүүлэх, хайх, олборлоход иргэдийн мэдэх эрхийг хангах, олон нийтийн хараат бус, байнгын, шууд бус хараа, хяналтыг нэмэгдүүлэх, хариуцлага уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайгаас олсон орлогыг Орон нутгийн хөгжлийн сан, Үндэсний баялгийн сан, Хуримтлалын санд төвлөрүүлэх, цацраг хэмжих, агаар, ус, хөрсний бохирдлыг шинжлэх олон улсын түвшний лабораторийг орон нутагт байгуулах асуудлыг буюу иргэний мэдэх эрхийг хангах, эргэлзээг тайлах иж бүрэн багц шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Иргэд байгаль орчиндоо хараа хяналт тавих, хариуцлагатай уул уурхайг бий болгоход орон нутгийн оролцоо өндөр байдаг. Өнгөрсөн хугацаанд ХоГ-г байгуулагдсантай холбогдуулан цөмийн эрчим хүч, хүлэмжийн хийг бууруулах, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн иргэд байна. Шүүмжилсэн иргэд байна. Байгаль орчны чиглэлээр, мал, амьтны чиглэлээр болбол санаа зовж байгаа, үүнд иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага тавьсан иргэд, иргэний нийгмийн байгууллагууд байгааг онцлон хэлэх ёстой.
Хувь нийлүүлэгчийн гэрээний эрх, үүргийг тодотгох гэдэг утгаар өнөөдрийн тогтоолд Засгийн газар, иргэдийн саналыг тусгаж:
- Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийгдсэн геологи, хайгуулын ажлын үр дүн, техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны мэдээллийг бэлтгэж, хяналт тавьж олон нийтэд мэдээлж байхыг АҮЭБ-ийн сайд Ц.Туваан, АМГТГ-ын дарга Ш.Ганхуяг, ҮГА-ны дарга П.Батцацралт нарт даалгасан.
- Дорноговь аймгийн Улаанбадрах сумд байрлах олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал, хүрээлэн буй орчинд нөлөөлөх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон мэргэжлийн судалгааны байгууллага, н эрдэмтэн, судлаачдын үр дүнд тулгуурлаж холбогдох мэдээллийг хүргэж ажиллахыг Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайжав, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны хүрээлэнгийн удирдлагуудад чиглэл болгосон.
- Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааг өргөжүүлж, иргэдийн оролцоог хангуулж, байгаль орчинд хор хөнөөлтэй байгаа эсэхийг олон нийтэд хүргэж байхыг БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Усны газрын дарга З.Батбаяр, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайханд үүрэг болгосон.
- Бүтээн байгуулалт эхэлснээр Улаанбадрах суманд нийгмийн хариуцлагын хүрээнд 1 сая ам.доллар олгоно. Үүнд хяналт тавихыг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нарт даалгасан.
- Иргэдийн оролцоог хангаж хяналт тавих үүднээс төслийн явцад ТББ, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн хараат бус шинжээчдээс бүрдсэн орон тооны бус Иргэдийн хяналтын зөвлөлийг байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн С.Наранцогт, "Мон-Атом" ХХК-ийн захирал Д.Далайжаргал нарт даалгасан.
- Цацраг идэвхт ашигт малтмалын цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээг хийх хөрс, ус, агаарт хийх олон улсын стандартад нийцсэн лабораторийг орон нутагт байгуулах үүргийг АҮЭБ-ийн сайд Ц.Туваан, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжав нарт даалгасан.
Иргэд хариуцлагатай уул уурхайг төртэйгөө хамтарч ажиллах ёстой. Мэдэх эрхийг хангуулах санал, санаачилгыг бид хүлээж авч, иргэдийн хяналтын зөвлөлийг дэргэд нь байгуулна. Нэгэнт шийдвэр гаргасан бол хөрөнгө оруулагч, иргэний нийгмээ ч сонсдог эко систем бүрдэнэ." гэв.