EY-ийн судалгаагаар, уул уурхайн компаниудын хамгийн том эрсдэлийг эрэмбэлжээ. 2023 онд дэлхийн уул уурхай, металлын компаниудад тулгарах гол 3 эрсдэлээр ESG, геополитик болон уур амьсгалын өөрчлөлтийг нэрлэсэн байна. ESG-ийн хүчин зүйлсийг уул уурхайн компаниуд стратеги, шийдвэр гаргах, тайлагналдаа тусгаж буйг нотлох үзүүлэлт бол судалгаанд оролцогчид бизнесийнхээ тэргүүлэх эрсдэлийг ESG, хоёрдугаарт геополитик, харин уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг гуравдугаарт тавьж байна.
Компанийн стратегийн салшгүй хэсэг болсон ESG-ийн хамрах хүрээ өргөжиж, тайлагнах, ил тод байдлыг сайжруулах дарамт нэмэгдэж байгааг EY-ийн судалгаанд тэмдэглэжээ. Геополитикийн тухайд компаниудын зүгээс Засгийн газартай ойр ажиллах, худалдаа болоод салбарын бүлгүүд зэрэг сонирхогч талуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж гэж харж байна. “Net zero” зорилт ч анхаарлын төвөөс гараагүйг онцолжээ. Энэхүү зорилтод хүрэхийн тулд бодитой, тэнцвэртэй бодлого хэрэгтэй гэж компаниуд үзэж байна. Нүүрстөрөгчийн хий ялгаруулалтыг тайлагнахад анхаарч байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулахад чухал алхам болж буй. Гэхдээ уул уурхайн ихэнх компаниуд “Net zero” зорилт дэвшүүлсэн ч хүрэх арга зам нь төдийлөн тодорхойгүй байгааг судалгаанд дурджээ.
Мөн хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаарах ёстой асуудлуудад усны нөөц, ногоон үйлдвэрлэлийг тодорхойлсон аж. КОВИД-19-ийн нөлөөлөл, Орос Украины дайн, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг гадаад, нийгмийн янз бүрийн сорилтуудын хариуд уул уурхайн компаниуд нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, үйл ажиллагаандаа шинэ технологи нэвтрүүлэх ханган нийлүүлэгчдийн багцад дүн шинжилгээ хийж оновчтой стратеги боловсруулахыг эрмэлзэж байна. Өнөөгийн дэлхий дахины хурдацтай өөрчлөлтөөр уул уурхай, металлын компаниуд илүү өргөн хүрээний төлөвлөлттэй ажиллах, бизнесээ төрөлжүүлэх шаардлагатай тулгарчээ.