Зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт гурван жил дараалан өсөв

Гаалийн ерөнхий газраас оны эхний дөрвөн сарын гадаад худалдааны мэдээллийг танилцууллаа. Эхний дөрвөн сард нийт бараа эргэлтийн хэмжээ 7.8 тэрбум ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 561.3 сая буюу 6.7 хувиар буурсан байна. Экспортын үнэ импортын дүнгээс 683.2 сая ам.доллар давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. 

Монгол Улс дэлхийн 61 оронд бараа экспортолсон. Үүнээс БНХАУ-д  91.2 хувь, Швейцарт 5.6 хувь, АНУ-д 1.1 хувь, ОХУ-д 0.5 хувь тус тус ногдож нийт экспортын  98.3 хувийг дээрх орнууд эзэлж байна. 

2025 оны эхний 4 сарын дүнгээр экспортод 4.2 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.1 хувиар буурсан байна.

Гол нэрийн барааны бүгдийг ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлж байна. Нийт үнийн дүнгийн 74 хувийг чулуун нүүрс, зэсийн хүдэр, баяжмал гэсэн бүтээгдэхүүн байна. Тухайлбал, 

  • Чулууны нүүрс 41.4 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар, 
  • Зэсийн хүдэр, баяжмал 32.4 хувь буюу 1.3 тэрбум ам.доллар,
  • Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.6 хувь буюу 281.5 сая ам.доллар,
  • Төмрийн хүдэр, баяжмал 4.2 хувь буюу 176.1 сая ам.доллар,
  • Хээрийн болон хайлуур жонш 2.6 хувь буюу 108.6 сая ам.доллар,
  • Боловсруулаагүй нефть 2.1 хувь буюу 87.7 сая ам.доллар,
  • Хүрэн нүүрс 1.8 хувь буюу 78 сая ам.доллар,
  • Цайрын хүдэр, баяжмал 1.8 хувь буюу 77.5 сая ам.доллар,
  • Молибденийн хүдэр, баяжмал 0.8 хувь буюу 35.6 сая ам.долларын бүтээгдэхүүний экспортолсон байна. 

Оны эхний дөрвөн сард зэсийн баяжмал, төмрийн хүдрийн биет хэмжээ гурван жил дараалан өссөн бол боловсруулаагүй нефть буурсан байна. Харин чулууны нүүрсний хэмжээ 2023 оны мөн үеэс 19.5 хувиар өссөн, харин өнгөрсөн оноос 6.8 хувиар буурч 22.8 сая тонныг экспортолжээ. Мөн алтны хэмжээ өнгөрсөн хоёр жилээс буурч 3 тонн хүрсэн байна. Өнгөрсөн онд алтны хэмжээ 4.2 тонн хүрч нэмэгджээ.