Энэтхэгийн гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг Steel Authority of India Limited (SAIL) Монголоос коксжих нүүрсний туршилтын 1 тонн дээжийг импортлохоор болжээ. Туршилтын явцыг хурдасгах үүднээс агаараар тээвэрлэхийг Энэтхэгийн эх сурвалжуудыг эш татан Reuters мэдээлсэн байна. Хэрэв туршилтын дээж шаардлага хангавал 75 мянган тонн нүүрс импортлох аж.
Энэтхэг нь дэлхийн хоёр дахь том ган үйлдвэрлэгч бөгөөд өнгөрсөн онд 149.6 сая тонн ган үйлдвэрлэсэн. Улмаар 2030 онд гангийн үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэж 330 сая тонн хүрнэ гэдгийг Энэтхэгийн дотоодын судалгааны байгууллагууд үзэж байна. Энэтхэг ган үйлдвэрлэх коксжих нүүрсний 85 хувийг импортоор хангадаг юм.
Өмнө нь Энэтхэг манайхаас нүүрс авах сонирхолтой гэдгийг илэрхийлж байсан. Түүнчлэн Энэтхэгийн JSW Steel компани тээвэрлэлтийн нөхцөлөөс үүдэн манай улсаас нүүрс импортлох боломжгүй болохыг мэдээлж байв.