Уул уурхайн 7 хоног (MiningWeek & MinePro 2025) ирэх есдүгээр сарын 11-13-нд “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хариуцлагатай уул уурхайн эрин үе” уриан дор Монголын уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА) зохион байгуулах гэж байна.
Тус чуулга уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам тэргүүлэн оролцох (Focus Country)-оор болжээ.
БНХАУ нь ашигт малтмалын дэлхийн хамгийн том хэрэглэгч, хөрөнгө оруулагч, технологи шинэчлэгч төдийгүй Монгол Улсын уул уурхайн салбарын гол стратегийн түнш билээ. Ийм үүднээс
- Бүс нутгийн эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх
- Ногоон болон ухаалаг уул уурхайн инновацыг хурдасгах
- Дэд бүтэц, худалдаа, хамтын хөгжилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн чиглэлээр тэргүүлэх байр суурьтай оролцохоор болсон байна.
Мөн тэргүүлэгч улсын хувьд төр-хувийн хэвшлийн уулзалт, хөрөнгө оруулалтын танилцуулга, хамтарсан семинар, дэд бүтцийн форум болон технологи нэвтрүүлэх зэрэг олон талт арга хэмжээнд идэвхтэй оролцох аж.
Энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэн нь уул уурхайн салбарын бодлогын уялдаа, хөрөнгө оруулалтын боломж, бүс нутгийн интеграци болон хариуцлагатай уул уурхайн төлөөх олон улсын түншлэлийг өргөжүүлэхийг зорьж байна.
Уул уурхайн 7 хоног (MiningWeek & MinePro 2025) олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн нь уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, олборлогч компаниуд болон технологийн тэргүүлэгчдийг нэг дор цуглуулж, хариуцлагатай уул уурхай, хөгжил, хамтын ажиллагааны индэр болон өрнөх юм.