“Эрдэнэс Алт ресурс” бүтээгдэхүүнээ "Самсунг" группт нийлүүлэхээр болов


Төрийн өмчит “Эрдэнэс Алт ресурс” компани БНСУ-ын "Самсунг" групптэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгууллаа. Уг гэрээний дагуу "Самсунг" группт нийт 17 сая ам.долларын үнэ бүхий мөнгөний баяжмал нийлүүлэхээр болсон байна. 
Тэргүүн Шадар сайд Н.Учрал, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нарын БНСУ-д хийж буй айлчлалын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдэл болон нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд БНСУ-тай чухал ашигт малтмалын судалгаа, геологи хайгуул, уул уурхайн нөхөн сэргээлт, мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Тус улсад болсон “Чухал ашигт малтмал – Уул уурхайн хөрөнгө оруулалт 2025” уулзалтын үеэр хэд хэдэн чухал санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурлаа.
Тухайлбал, “Эрдэнэс Алт ресурс” компани  "Самсунг" групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээнд гарын үзэг зурсан юм. Хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс байгалийн баялгаа илүү үр ашигтайгаар боловсруулах, уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах зэрэг үйл ажиллагаа эрчимжих боломж бүрдэж байна.