Уул уурхайн салбарын ирэх оны төсөвт үүрэх "ачаа" улам нэмэгдэж байна. Тодруулбал, тус салбар 2023 оны улсын нэгдсэн төсөвт 4.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэг хүлээв. Энэ нь төсвийн нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлнэ гэсэн үг. Задалж үзвэл, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос дээрх орлогын 50 гаруй буюу 2.5 их наядыг олохоор тооцжээ. Энэ оны төсөвт АМНАТ-өөр 2.1 их наядын орлого төвлөрүүлэхтэй харьцуулахад даруй өндөр дүн юм.
АМНАТ-ийн 47.3 хувь буюу 1.2 их наяд төгрөгийг зэсийн баяжмал, 36.9 хувь буюу 927.1 тэрбум төгрөгийг нүүрс, 6.6 хувь буюу 165 тэрбум төгрөгийг алтны үйлдвэрлэлээс төвлөрүүлэх орлого эзэлнэ.
Өөрөөр хэлбэл, зэсийн баяжмал, нүүрсний үнэ, экспортын биет хэмжээ 2023 оны төсөвт орлогын гол найдвар байх нь. Үлдсэнийг нь тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвараар нэг их наядыг, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн ногдол ашгаас 566 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд тусгажээ.
Ирэх онд нүүрс экспортын хэмжээ нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрнэ гэж үзсэн байна. Мөн Оюутолгойн гүний уурхайн олборлолт шинэ оны дундаас эхлэх, улмаар зэсийн баяжмалын экспортын хэмжээ эрс нэмэгдэж, 1.4 сая тоннд хүрэх төсөөллийг Сангийн яам гаргажээ. Зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд нь 8400 ам.доллар байхаар таамагласан байна. Зэсийн баяжмалын биет хэмжээ энэ жил 1.2 сая тонн байсан бол ирэх онд 1.4 сая болж, нэмэгдэх нь.
Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаах алтны хэмжээ 17 тонн байхаар, харин нүүрсний үнэ тонн тутамд дунджаар 144 ам.доллар, алтны үнэ унц тутамд 1,830 ам.доллар тус тус байхаар 2023 оны төсвийн төсөлд тусгажээ. Энэ оны төсөвт нүүрсний экпортын үнийг 128.7 ам.доллароор тооцоолж байсан бол ирэх онд 144 ам.долларт авчирсан байна. Зэсийн үнийг мөн адил энэ онтой харьцуулахад 2000 гаруй ам.доллароор нэмж, тооцоолжээ.
МҮХАҮТ-ын Цар тахлын дараа бизнесийн орчны нөхцөл байдлын судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 21 хувь нь хэвийн, тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэж хариулжээ. Сэргэж чадаагүй нь гадаад дотоод худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн аж ахуйн нэгж илүү олон байна.
Банкны салбар дахь зээлийн чанарын үзүүлэлтийг авч үзвэл, барилга болон уул уурхайн салбарын зээл хугацаа хэтэрсэн ангилалд хамгийн ихээр оржээ. Тус судалгаанд, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сэргээж, хэвийн явуулахад хилийн боомт болон тээвэр логистикийн асуудлыг шийдэх нь нэн чухал байгааг дурдсан байсан.