Их Британийн хориг арга хэмжээний дараа Лондоны металлын биржээс ОХУ-ын UMMC групп болон охин компаниудын зэс, цайрын шинэ нийлүүлэлтийг хязгаарлахаар болжээ. Энэ нь Орос, Украины дайнаас хойш дэлхийн металлын гол зах зээлээс Оросын нийлүүлэлтэд тавьсан хамгийн том хязгаарлалт юм. Зэс, цайр, хөнгөн цагаан зэрэг металлууд АНУ болон Европын хориг арга хэмжээнд онцгойлон өртөөгүй.
Лондоны металлын биржээс Оросын түүхий эдийн шинэ нийлүүлэлтийг хаахын тулд бие даан ажиллах талаар салбарын хүрээнд маргаан дэгдсэн билээ. Тэгвэл Их Британийн Засгийн газраас Искандар Махмудовыг UMMC-ийг эзэмшдэг, эсвэл хянадаг гэж үзэж байгаа тул хориг арга хэмжээ авч байна гэж Лондоны металлын бирж мэдэгджээ. И.Махмудов нь өнгөрсөн гуравдугаар сард группын хяналтын ашиг хүртэгч байхаа больж, ТУЗ-ийг орхисон гэж тайлбар хийсэн байна.