Хяналт тавьж чаддаг ажил олгогч ирээдүйн өвчнийг өнөөдөр зогсоож чадна

Өдөр бүр уурхай, үйлдвэр, барилга, цахилгаан станц, эмнэлэг, сургууль руу мянга мянган хүн ажилдаа гардаг. Харин 10, 15, 20 жилийн дараа тэдний хэд нь гар, мөр, нуруу нь чилж өвдөн, амьсгаа нь давчдаж эхлэх бол? Энэ асуултын хариулт нь Монгол Улсын мэргэжлээс шалтгаалах өвчний статистикт аль хэдийнэ бичигдсэн байна. 

Мэргэжлээс шалтгаалах өвчин гэнэт эхэлдэггүй. Сүүлийн 25 жил буюу 2000-2024 оны хооронд бүртгэгдсэн мэргэжлээс шалтгаалах өвчний дийлэнх нь 35–54 насанд оношлогджээ. Өөрөөр хэлбэл, залуу насандаа төдий л анзаарахгүй явсан ажлын нөхцөл дунд насанд өвчин болж эргэн ирдэг гэсэн үг.

Эдгээр өвчний ихэнх нь олон жилийн турш үргэлжилсэн тоосжилт, дуу чимээ, доргион, буруу суух, зогсох байрлал, давтамжтай хөдөлгөөн, хэт ачаалал зэрэг ажлын орчны хүчин зүйлтэй шууд холбоотой. Тэгвэл энд нэгэн чухал асуулт гарч ирнэ.

Энэ эрсдэлүүдийг хэн, хэзээ, хэрхэн хянах вэ? Хэн урьдчилан сэргийлж, хамгаалах ёстой вэ?

Хуулиар бол хариулт нь тодорхой бөгөөд ажил олгогч юм. Ажил олгогч нь ажлын байрны эрсдэлийг үнэлэх, хувийн хамгаалах хэрэгслээр хангах, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулах, ажиллагсдынхаа эрүүл мэндийг хянах, аюулгүй ажиллагааны сургалт явуулах үүрэгтэй. Гэвч бодит амьдрал дээр эдгээр нь цаасан дээр бичигдсэн тайлан төдий болж үлдэх нь цөөнгүй.

Ажилтан өвдсөн хойно эмчлэх нь аль хэдийнэ оройтсон алхам болдог. Харин өвчлөхөөс өмнө эрсдэлийг тодорхойлж, хянаж чадах нь жинхэнэ хариуцлагын шалгуур юм. Дээр дурдсан судалгаанаас харахад МШӨ нь гэнэтийн ослоос бус, удаан хугацаанд хяналтгүй байсан ажлын орчноос үүдэн бий болдог нь тодорхой байна. Иймээс МШӨ-өөс урьдчилан сэргийлэхэд ажил олгогчийн үүрэг голлох байр суурьтай.

Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй барилга, уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын хувьд ажилтны хувийн хамгаалах хэрэгсэл ашигладаггүй байгууллага гэж бараг үгүй. Харин ажилтан нь үнэхээр хэрэглэж байна уу, хувийн хамгаалах хэрэгсэл тухайн ажилтанд тохиромжтой хэмжээтэй байна уу, элэгдэж хамгаалах чадвараа алдсан байна уу, үүнийг хэн тогтмол шалгадаг вэ гэвэл асуудал өөр болно. Хамгаалах хэрэгсэл байгаад хэрэглэхгүй бол тэр нь хамгаалалт биш, зүгээр л тайлагнадаг тоо болж хувирна. 

Үүний нэгэн адил урьдчилан сэргийлэх үзлэгийг жилд нэг удаа “хийсэн” гэж тэмдэглэдэг ч илэрсэн өөрчлөлтөд үндэслэн ажлын нөхцөл өөрчлөгдөхгүй байх тохиолдол олон. Ийм үед үзлэг нь эрсдэлийг бууруулах тогтолцоо бус хоосон тайлан болж хувирдаг.

Тиймээс ажил олгогчийн хамгийн чухал үүрэг бол хяналт юм. Үүнд дараах зүйлс чухал нөлөөтэй. 

Нэгд, ажлын байрны эрсдэлийг тогтмол үнэлэх шаардлагатай. Хяналт бол шалгалт биш. Энэ бол тоосжилт, дуу чимээ, чичиргээ, ажлын байрны байрлал, хөдөлгөөний давтамж, ачааллын хугацаа, ээлжийн зохион байгуулалт зэрэг эрсдэлийг тогтмол үнэлж, баримтжуулах үйл явц юм. Эрсдэлээ хэмжихгүй бол бууруулж чадахгүй.

Хоёрт, хамгаалах хэрэгслийг хэрхэн ашиглаж байгааг хянах хэрэгтэй. Олон аж ахуйн нэгжийн хувьд хамгаалах хэрэгсэл байлаа ч түүнийг тогтмол хэрэглэдэггүй, тохиромжгүй байх, элэгдсэн байх зэрэг зөрчил дутагдал түгээмэл. Энэ тохиолдолд хамгаалах хэрэгсэл ямар ч хэрэгцээгүй эд зүйл юм. Зөв хяналт гэдэг нь ажилтан хувийн хамгаалах хэрэгслээ хэрэглэж байна уу, зөв хэрэглэж байна уу, бодитоор эрсдэлийг бууруулж байна уу гэдгийг шалгах явдал.

Гуравт, урьдчилан сэргийлэх үзлэгийг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай. Судалгаагаар МШӨ-ий ихэнх тохиолдол хожуу шатанд оношлогдож байна. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэг нэр төдий хийгддэг, илэрсэн өөрчлөлтийг ажлын нөхцөлтэй уялдуулж ашигладаггүй, эрсдэлтэй ажилтнуудыг онцолж хянадаггүйтэй холбоотой байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийг эрсдэлтэй ажилтныг эрт илрүүлэх, ажлын нөхцөлийг өөрчлөх дохио сэрэмжлүүлэг, хөдөлмөрийн чадварыг хамгаалах хэрэгсэл гэж үзэх хэрэгтэй юм.

Дөрөвт, сургалт ба соёлыг хяналтаар бий болгох нь зүйтэй. Сургалтаар заасан гэдэг нь хэрэгждэг гэсэн үг биш. Ажил олгогчийн хувьд ажилтан нь аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж байна уу, ажилчид эрсдэлийг өөрсдөө таньж байна уу, өвдөлт, зовуурыг нуухгүй мэдээлж байна уу гэдгийг тогтмол хянах ёстой. Хяналтгүй сургалт бол зүгээр л бичиг цаас юм.

Хяналтгүй байснаар хэн хохирох вэ гэвэл хамгийн том хохирогч нь ажилтан. Тухайн ажилтан эрүүл мэндээ алдана. Гэр бүл нь орлогын эх үүсвэрээ алдана. Байгууллагад ч гэсэн энэ нь хохиролтой. Хяналт сул байснаар МШӨ нэмэгдэнэ, туршлагатай ажилтан ажлаас гарна, нөхөн олговор, эмчилгээний зардал гарна. Цаашлаад байгууллагын нэр хүнд унана. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх хяналтыг бодитоор хийгээгүйн төлбөрийг бүгд хамтдаа төлдөг.

Хяналтыг чанартай сайн хийдэг, эрсдэлийг тогтмол хянадаг байгууллагын хувьд мэргэжлээс шалтгаалах өвчлөл буурдаг, ажлын тасалдал багасдаг, ажлын бүтээмж сайжирдаг, ажилтны тогтвортой байдал нэмэгддэг зэрэг үзүүлэлт байдаг байна. Тиймээс хяналтын тогтолцоо бол зардал биш, урт хугацааны ашиг юм.

Эцэст нь хэлэхэд, мэргэжлээс шалтгаалах өвчин бол ажилтны азгүйтэл биш харин ажлын орчны удирдлагын үр дүн, хяналтын бодит тусгал билээ. Хяналт бол хариуцлага. Хяналт хийж чадсан ажил олгогч л жинхэнэ хариуцлагатай. Учир нь хяналт бол эрт анхаарах, урьдчилан сэргийлэх, ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах хамгийн бодит үйлдэл юм. Хяналт тавьж чадсан ажил олгогч л ирээдүйн өвчнийг өнөөдөр зогсоож чадна.