Оюутолгой 2025 онд 41.4 сая тонн хүдэр боловсруулжээ

"Оюутолгой" ХХК 2025 оны жилийн эцсийн олборлолт, үйлдвэрлэлийн мэдээллийг өнөөдөр (2026.01.29) танилцууллаа. Өнгөрсөн онд 345.2 мянган тонн баяжмал дахь зэс, 455.8 мянган унц алтыг тус тус боловсруулсныг мэдээлсэн байна. 


2025 онд 41.4 сая тонн хүдэр боловсруулснаас ил уурхайгаас боловсруулсан хүдрийн хэмжээ 71.3 хувийг буюу 29.5 сая тонн, гүний уурхайгаас боловсруулсан хүдрийн хэмжээ 28.7 хувь буюу 11.9 сая тоннд хүрсэн байна. Дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэл өмнөх гурван улирлаас өсжээ. 

2025 онд дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 2.5 их наяд төгрөгт хүрч, үүнээс дотоодын худалдан авалт 73 хувийг, улс, орон нутгийн төсөвт шууд төлсөн төлбөрүүд 20 хувийг, цалин 7 хувийг тус тус бүрдүүлсэн байна. 


Тус компани татвар, хураамж, үндэсний компаниудад төлсөн НӨАТ зэрэг бусад төлбөрт 14.4 их наяд төгрөгийг 2010 оноос хойш төлжээ.