Sailingstone Capital Partners: Rio Tinto группын саналыг дэмжихгүй

Turquoise Hill Resources-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нэг Sailingstone Capital Partners нь арваннэгдүгээр сарын 1-нд товлогдсон TRQ-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээр Rio Tinto группын саналыг дэмжихгүйгээ мэдэгдсэн байна. TRQ-ийн 2.2 хувийг эзэмшигч тус компани нь Rio Tinto-ийн үнийн дүнг хэтэрхий бага, “доромжлол” гэж үзжээ.

Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшигч TRQ-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй 49 хувийг Rio Tinto эхлээд 2.7 тэрбум ам.доллар, удалгүй үнийн дүнг 20 хувиар өсгөж 3.3 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавьсан билээ. Нийтдээ хагас жил хэлэлцээр хийсний эцэст тохиролцоонд хүрснээ есдүгээр сард зарласан. Өөрөөр хэлбэл хоёр компани зарчмын тохиролцоонд хүрчээ. Гэхдээ худалдах эсэх асуудлыг TRQ-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх ба жижиг хувьцаа эзэмшигчдээс санал хураана.

Хэрэв 2 компани хэлэлцээрт хүрвэл Оюутолгой төслийн менежментийг хялбарчилж, үр ашгийг дээшлүүлж, төслийн урт хугацаанд санхүүжүүлэх итгэлийг бий болгоно гэж Rio Tinto группын Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм байр сууриа илэрхийлжээ.