МГТИС-ийн "Үйлдвэрлэлийн өдөрлөг 2026"-д оюутан залуус дадлага хийх боломжтой танилцжээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-иас аж үйлдвэрийн түнш байгууллагуудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үйлдвэрлэлийн өдөрлөг 2026” дөрөвдүгээр сарын 7-ны өдөр амжилттай болж өндөрлөсөн байна. 

Энэ удаагийн өдөрлөгт 25 компанийн төлөөлөл оролцож, оюутан залууст дадлага хийх, хөдөлмөр эрхлэх, ажлын байранд зуучлагдах боломжуудыг танилцуулжээ. Мөн өдөрлөгийн хүрээнд оюутнуудад зориулсан сонирхолтой лекц, танилцуулга, чөлөөт ярилцлага зэрэг олон төрөлт үйл ажиллагааг зохион байгуулсан аж.

Тус үйл ажиллагааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилттэй Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ Mongolia)-ийн GIZ-GMIT IV төсөл дэмжин ажилласан байна.