ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар ЭЗХЯ-наас Засгийн газар танилцууллаа. Валютын нөөцтэй холбоотой асуудлыг ярьж эхлэх үед Монгол Улс 2.5 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байсан.
Статистикийн арваннэгдүгээр сарын эцсийн мэдээллээр, манай улсын валютын нөөц 2.9 тэрбум ам.доллар болж өссөн. Энэ нь манай улсын 4 сарын импортын хэрэглээг хангах хэмжээнийх юм.
2023 он гарахад 3 тэрбум ам.долларын валютын нөөц бүрдүүлэхээр зорьж байна. Валютын албан болон албан бус зах зээлийн хоорондын ханшийн зөрүү 200 төгрөг хүрч байсан бол одоо энэ зөрүү 23 төгрөг болж буурсан. Энэ нь валютын ханш тогтворжих, төгрөгийн ханш сулрахгүй байх нөхцөл бүрдэж буй үзэж байна. Валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжиж байгаатай холбоотой цаашид эдийн засаг дахь үнийн өсөлтийг бууруулах нөхцөл бүрдэх юм.
Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 1 тэрбум ам.доллар цуглуулах, хуримтлуулах үүрэг өгөгдсөн. Биелэлт 49 хувьтай байна. Үндсэндээ 500 сая ам.доллар хуримтлуулаад байгаа. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” компани 500 сая ам.доллар хуримтлуулах үүрэгтэй. Үүнээс гадна мөнгийг нь аваад хэрэглэчихсэн 600 сая ам.долларын өр төлбөр ЭТТ-д байсан ба үүнээс 185 сая ам.долларын өрийг барагдуулсан. Мөн тус компаниас Монголбанкинд худалдсан валютын хэмжээ 145 сая ам.доллар. Түүнчлэн, нүүрсний борлуулалтаас олсон 50 сая ам.долларын орлого ЭТТ-ийн дансанд байгаа. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид 6 сарын онцгой дэглэм тогтоосны үр дүн гарч байна.
“Эрдэнэт үйлдвэр”- ээс 100 сая ам.доллар, “Монросцветмет” болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүд нийлээд 15 сая ам.долларыг Төв банкинд худалдаад буй.
Цар тахлын өмнөх үетэй харьцуулбал манай улсын экспортын хэмжээ 30 хувиар нэмэгдсэн. Хаагдсан Булганы боомт нээгдэж үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Эхний 3 улирлын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 3.7 хувь байна” гэв.