Хятад коксжих нүүрсний энэ оны үйлдвэрлэлээ бууруулж эхэллээ

Г.БААТАР

Хятадын КОВИД-19 халдвар нэмэгдэж буйтай холбоотой тус улсын коксжих нүүрсний гол бүс нутаг Шанси мужийн үйлдвэрлэлээ 2 дахин бууруулж байна. Тус муж дахь нүүрсний 10 уурхай бүрэн зогссон бол 31 уурхай олборлолтоо бууруулсан байна. Уурхайчдын ажиллаж байгаа хорио цээрийн хязгаарлагдмал өнөөгийн нөхцөл 2 долоо хоног буюу он дамнан үргэлжлэх төлөвтэй. Шанси муж энэ онд 1.3 тэрбум тонн нүүрс олборлох зорилтоо хугацаанаасаа өмнө биелүүлсэн тул үйлдвэрлэлээ ийнхүү бууруулж байна. Ирэх жил тухайн муж нийт нүүрсний үйлдвэрлэлээ 500 мянган тонноор (1.35 тэрбум тонн)нэмэгдүүлэх зорилттой.

Харин Хятадын зарим бүс нутагт хорио цээрийн дэглэмийг сулруулснаар эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт сайжирчээ. Өвлийн улиралд эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсдөг оргил үед нийлүүлэлт тасалдахаас сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотой.

Mysteel-ийн судалгаагаар өнгөрсөн долоо хоногт Хятадын Qinhuangdao боомтод эрчим хүчний нүүрсний үнэ 1300 юань/тонн байжээ. Оны сүүлийн долоо хоногт эрчим хүчний нүүрсний үнэ 1000 юань буюу 143 ам.доллар болж буурах хандлага ажиглагдаж байна.

Цагаан сарын баярын дараа Хятадын Засгийн газраас эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлийг эрчимжүүлнэ гэж тус улсын Нүүрс тээвэрлэх, түгээх ассоциаци үзэж байна.