2022 онд түүхий эдийн ханш хэр савласан бэ?

Г.БААТАР

Өнгөрсөн онд зарим түүхий эдийн үнэ огцом өсөж бүх цаг үеийн дээд үзүүлэлтэд хүрсэн. Энэхүү өсөлт нь Орос, Украины дайн, дэлхийн эдийн засгийн хямрал, Хятадын эрэлт буурсан зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. TradingEconomics-оос ханшийн мэдээлэлд тулгуурлан 2022 оны хамгийн өсөлттэй болоод буурсан үзүүлэлттэй тус бүр 10 нэр төрлийн, нийтдээ 20 түүхий эдийг дараах графикт харуулсан байна.

Үнэ болон эрэлтийн өсөлтөөрөө нүүрс нь хамгийн ашигтай түүхий эдээр тодорчээ. Геополитикийн хурцадмал байдлаас үүдэн эрчим хүчний түүхий эдийн хомсдол, олон улсын нийлүүлэлтийн сүлжээ чиг баримжаа өөрчлөгдсөнөөр бүтэн жилийн туршид нүүрсний үнэ 157 хувиар өссөн байна. Үүний үр дүнд 2022 оны хамгийн ашигтай түүхий эд нүүрс байж, бусад эрдсийн үзүүлэлтээс хол давжээ.

Цахилгаан машин, батарейны эрэлт хэрэгцээ нь литийн карбонат болон никелийн үнийг нэмэгдүүлсээр байна. 2021 оноос литийн үнэ тасралтгүй өсөж 70 мянга гаруй ам.доллар/тонн хүрсэн үзүүлэлтээ өнөөг хүртэл хадгалж байгаа юм.

Улс орнууд эрчим хүчний хомсдолтой тэмцэхийн тулд цөмийн эрчим хүчний төлөвлөгөөгөө сэргээснээр ураны үнийн хувьд 2022 он эерэг жил байв. Европын холбооны хамгийн том эдийн засагтай улс болох Герман нь өнгөрсөн онд хаахаар төлөвлөж байсан гурван АЦС-ынхаа ашиглалтын хугацааг сунгасан бол Япон хэд хэдэн сул зогсолттой реакторуудыг дахин сэргээх болсноо зарласан юм.

2022 онд анхаарал татсан түүхий эд газрын тос байлаа. Орос, Украйны хооронд өрнөсөн дайны нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн жилийн тавдугаар сард WTI маркийн газрын тосны үнэ 2013 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрсэн. Эргээд нэг сарын дотор WTI газрын тосны үнэ 31 хувиар огцом буурч баррель нь 80 ам.доллар болсон байдаг. Жилийн туршид газрын тосны ханш савлаж, өндөр ханшаа хадгалж чадаагүй нь дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан, мөн Хятадын “0 ковид” бодлоготой холбон шинжээчид тайлбарлаж байна.

Европын зах зээл дэх байгалийн хийн үнийн хэлбэлзэл нь 2022 оны онцлох үйл явдлуудын нэг байв. ОХУ-аас нийлүүлэлт тасалдсанаас өнгөрсөн жилийн наймдугаар сард байгалийн хийн үнэ оргилдоо хүрсэн ч Европ бусад орнуудаас эрчим хүчний түүхий эд импортлох болсноор хийн үнэ тогтворжсон. Гэсэн хэдий ч 2021 онтой харьцуулбал байгалийн хийн үнэ дунджаар 150 хувиар өндөр байжээ.

Дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлдог металлын нэг зэсийн хувьд 2022 онд Хятадын эдийн засгийн удаашрал болон "0 ковид" бодлогын улмаас ханш 16 хувиар буурсан юм.