Хятадаас ГХЭ-ийг Оросын нутгаар дамжин Европт нийлүүлж байна

Э.ОД

Европын газрын ховор элементийн хэрэглээний 90 гаруй хувийг Хятад хангаж байгаа бөгөөд нийлүүлэлтийн гол сүлжээ нь Оросын төмөр зам хэвээр буйг шинжээчид онцолжээ.

Газрын ховор элементийг далайн тээврээр нийлүүлж болох хэдий ч төмөр замтай харьцуулбал хоёр дахин их хугацаа зарцуулдаг. Тэгвэл Хятадын Ухан хотоос газрын ховор элемент тээвэрлэсэн галт тэрэг 16 хоногт Германы Дуйсбург хотод хүрч байна.

Bloomberg-ийн мэдээллээр 2022 оны эхний 9 сард Хятадаас тээвэрлэсэн Оросын төмөр замын газрын ховор элементийн ачаа 36 мянган тонн болж нэмэгджээ. Мөн хугацаанд Хятад, Европын газрын ховор элементийн худалдаа 408 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь 2021 оны нийт тээвэрлэлтийн хэмжээнээс хоёр дахин их аж.

Европын Холбоо тэргүүтэй дэлхийн зарим орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг тогтоосон хэдий ч Оросын нутгаар дамжин тээвэрлэх металлын ачаа өссөн нь Европ газрын ховор элементийн импортоос хэт хамааралтай байгааг илтгэж байна. Үүний зэрэгцээ Орос, Украины дайнаас үүдэлтэй зэр зэвсгийн үйлдвэрлэлд шаардагддаг ховор металлын эрэлт нэмэгдэж байгааг Tungsten West компани мэдээлжээ. Түүнчлэн, Европын гадаад харилцааны зөвлөлийн Цэргийн худалдааны асуудал хариуцсан ажилтан Рафаэль Лосс “Ашигт малтмалын төлөөр төлөөх өрсөлдөөн улам ширүүсэж байна” хэмээн ярьжээ.