Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Simandou уурхай болон дэд бүтцийн төслийн ажлыг ирэх гуравдугаар сард дахин эхлүүлэхээр болжээ.
Уг төслийн хувь эзэмшигчид болох Rio Tinto, Хятадын Chinalco, Baowu болон Winning Consortium Simandou (WCS) компаниудыг хамтарсан тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас Гвинейн эрх баригчид өнгөрсөн оны долоодугаар сард Simandou-ийн хэрэгжилтийг зогсоосон юм. Тус улсын төрийн удирдлагуудын зүгээс тогтоосон хугацаанд буюу хоёрдугаар сарын 28-наас өмнө төслийн хувьцаа эзэмшигчид тохиролцоонд хүрсэн байх ёстой. Тэгвэл талуудын хэлэлцээр эцэслэн Simandou төслийг гуравдугаар сард дахин сэргэх болсныг мэдэгджээ.
Simandou төслийн дэд бүтэц болох 600 км төмөр зам, боомтын бүтээн байгуулалт 2024 оны арванхоёрдугаар сард өндөрлөж, уурхайн үйлдвэрлэлийг 2025 оны гуравдугаар сарын 31-нд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Нэгдүгээр сарын эхээр Rio Tinto, Baowu урьдчилсан тохиролцоонд хүрсэн бөгөөд үүрэг хүлээхгүй, харилцан ойлголцлын гэрээ үзэглэсэн юм. 2022 оны долоодугаар сард Rio Tinto болон WCS, Гвинейн Засгийн газартай Simandou төслийн дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан La Compagnie du Transguinéen компанийг байгуулсан билээ. Шинэ компанийн 42.5 хувиар тус бүр Simfer Jersey (Rio Tinto) болон WCS эзэмших бол 15 хувь нь Гвинейн Засгийн газрын мэдэлд буй.
Simandou ордын III, IV талбайн 45.05 хувийг Rio Tinto, 39.95 хувийг Chinalco тус тус эзэмшдэг. Харин 2019 онд ордын I,II талбайг ашиглах эрхийн тендерт Хятад, Франц, Сингапур болон Гвинейн компаниуд багтсан “SMB-Winning” консорциум шалгарсан юм. Тиймээс ордыг ашиглахын өмнө талууд хамтран дэд бүтцийг байгуулах шаардлагыг Гвинейн эрх баригчдаас тавьж ирсэн.
Дэлхийн хамгийн том, ашиглагдаагүй төмрийн хүдрийн ордын нэгд тооцогддог Simandou нь 2.4 тэрбум тонн нөөцтэй. Ордыг ашиглах төслийн нийт өртөг 23 тэрбум ам.доллар аж.