Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд эхнээсээ ногдол ашгийн хуваарилах эсэхээ зарлаж эхэллээ. Тухайлбал, "Э-Транс Ложистикс" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 17-нд хуралдсан байна. 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3 төгрөг буюу нийт 138.6 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор болжээ.
Биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "Тавантолгой" ХК-ийн ТУЗ энэ сарын 24-нд хуралдаж, нэгж хувьцаанд 2743.8 төгрөг буюу нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ. Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй ногдол ашиг болохоор байна.
Орон нутгийн гэх тодотголтой "Тавантолгой" ХК-ийн 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байжээ. Тэгвэл урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан дээрх үнэлгээг шинээр тооцон гаргажээ.
2020 онд "Тавантолгой" компани нэгж хувьцаанд 535 төгрөг, 2021 онд 257 төгрөг хувьцаа эзэмшигчдэдээ тарааж байв. Хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй дотоодын компаниудаас хамгийн өндөр дүнтэй ногдол ашгийг "Тавантолгой" компани өнгөрсөн хугацаанд хуваарилж ирсэн.
1995 оноос хойш нийт 554 тэрбум төгрөгийг тус компани ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэдээ олгож байжээ. Үүний 289.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 2016-2020 онд хуваарилжээ.