BHP-ийн коксжих нүүрсний 2 уурхайг эзэмших сонирхлоо Yancoal илэрхийлжээ

Г.БААТАР

Австралийн Квийнсланд муж дахь нүүрсний Daunia, Blackwater зэрэг уурхайн хувь эзэмшлээ BHP худалдах тухай хоёрдугаар сард мэдээлсэн билээ.

Коксжих нүүсний 2 уурхайг Хятадын хөрөнгө оруулалттай Yancoal Australia эзэмших сонирхол буйгаа (2023.03.02) Гүйцэтгэх захирал Дэвид Мотт мэдэгдсэн байна.

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч өссөнтэй холбоотой өнгөрсөн онд Yancoal-ийн жилийн орлого 10.55 тэрбум ам.доллар хүрч бүх өр төлбөрөө барагдуулж чаджээ. 2021 онд тус компани 5.14 тэрбум ам.долларын орлого олсон аж. 2022 онд Yancoal-ийн нийт 29.4 сая тонн нүүрс олборлосны 16 орчим хувийг металлургийн нүүрс эзэлжээ.

BHP-ийн мэдээлснээр, өнгөрсөн онд Daunia уурхайд 3.16 сая тонн, харин Blackwater уурхайгаас 11.34 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс олборлосон байна. Энэ нь Yancoal-ийн жилийн нийт олборлолтын бараг тал хувьтай тэнцэхүйц гэсэн үг.

Yancoal-ийн удирдлага Австрали улсын Гадаадын хөрөнгө оруулалтыг хянан шалгах зөвлөлтэй 2 уурхайu худалдан аваh талаар эхний яриа хэлэлцээрийг хийжээ. Бээжин, Канберра хоорондын худалдааны хурцадмал байдал эерэгжих төлөвтэй энэ үед уг наймаанд Австралийн тал нааштай шийдэл гаргана гэж шинжээчид үзэж байна. Учир нь Австралийн нүүрсний эсрэг Хятадын талаас импортын албан бус хоригоо сулруулсны дараа Yancoal компани 2023 онд хоёр удаа эрчим хүчний нүүрсний ачаа Хятад руу илгээжээ.

Yancoal –аас гадна Америк-Австралийн нүүрсний олборлогч Coronado, АНУ-ын Peabody болон Arch Coal, Австралийн нүүрс үйлдвэрлэгч Stanmore компаниуд мөн BHP-ийн эзэмшлийн коксжих нүүрсний 2 уурхайг худалдаж авахаар сонирхож байна.