Засгийн газрын (2023.04.26) хуралдааны шийдвэртэй холбоотой Сангийн сайд Б.Жавхлан гадаад өрийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Засгийн газар 2018-2021 он болон 2022-2025 оны дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулж, энэ хүрээнд гадаад өрийн зохицуулалтыг хийж байгаа. Нааштай, сайн үзүүлэлтүүд гарч эхэлж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард буюу 2023 оны нэгдсэн төсвийн өргөн барих үед Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал маш хүнд, зохицуулалт хийх боломжгүй тодорхойгүй нөхцөл байдалтай байсан. Эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийг сайжруулах, гадаад худалдааны алдагдлыг бууруулах, экспортыг нэмэгдүүлэх шийдвэртэй арга хэмжээ авсан үр дүнд энэ оны эхний улирлын байдлаар Засгийн газрын өрийн зохицуулалтуудад эерэг үзүүлэлт гарч, Монгол Улс дефольт болох эрсдэлээс бүрэн ангижирсан.
2012 онд босгосон “Чингис” бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг төлж (2022.012.05)барагдуулсан бол энэ оны тавдугаар сарын 1-нд дуусгах ёстой “Гэрэгэ” бондын үлдэгдэл 368.7 сая ам.долларыг барагдуулах бэлтгэл бүрэн хангадсан. Энэ төлбөрийг төлөх ажлыг эхний улиралд авч хэрэгжүүлснээр “Century 2” төслийн хүрээнд валютын эх үүсвэртэй болсон юм. 2023 оны эцсээр Төв банк 4.3 тэрбум ам.долларын валютын нөөцийг зарлаж байсан бөгөөд үүнд сөрөг дарамт үзүүлэхгүй.
Сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 1.65 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг хийлээ. Мөн богино хугацаанд арилжааны зориулалтаар авсан бондын өрүүдийг 487 сая ам.доллароор буруулсан үг.
Өнгөрсөн долоо хоногт болсон ОУВС-ийн хуралдааны мэдээллээр гадаад өрийн хүндрэлээс болж 72 улс тухайн сангийн хөнгөлөлттэй нөхцөлтэй хөтөлбөрт оролцож байна. Дахиад 10 гаруй улс тус хөтөлбөрт орохоор ОУВС-тай хэлэлцээрийн түвшинд явж буй. 2023 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын хувьд ОУВС-ийн хөтөлбөрт 73 дахь орон болж оролцохоор нөхцөлд байсан. гэсэн хэдий ч Засгийн газрын шийдвэртэй арга хэмжээнүүдийн үр дүнд манай улс хүндрэлүүдийг бие даан даван туулж байна. Ингэхдээ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр авч үлдэхийг чухалчилсан” гэв.
Түүнчлэн, өнгөрсөн онд Хөгжлийн банкны хувьд 1.56 их наяд төгрөгийн чанаргүй болон үндсэн зээлийг төлүүлснээр банкны үндсэн эх үүсвэр нэмэгджээ. Үүний үр дүнд (2023.12.25) төлөх “Самурай” бондын 30 тэрбум иений төлбөрийг барагдуулах эх үүсвэр болно. Харин есдүгээр сард барагдуулах “Евро” бондын 500 сая ам.доллароос одоогоор 85 саяыг барагдуулжээ.