Аж үйлдвэржилтийн тухай хуулийг боловсруулж байна

Б.МИШЭЭЛ

Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн (2023.05.26) болж байна. Тус зөвлөгөөн “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлтэд нөлөөлөх хүчин зүйлс” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд явагдана. Үдээс өмнө “Аж үйлдвэржилтийн сэргэлт” сэдвийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны гишүүн С.Наранцогт нар илтгэл тавилаа.

Түүний дараа эхний панел хэлэлцүүлэг болсон. Тус хэлэлцүүлэгт шинээр байгуулагдсан Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны гишүүд оролцлоо. Хэлэлцүүлэгт өрнөсөн зарим асуудлаас хүргэе.

• Гадаад хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн тодорхойлох вэ? гэсэн асуултад УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны Хар төмөрлөгийн дэд хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулж байна. ГХО-ыг шууд оруулж ирэх боломжийг нээсэн, ГХО-той холбоотой маргааныг Арбитрын шүүхээр шийднэ зэрэг асуудлыг тодорхой тусгагдаад явж байгааг Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Бидний гол ярих асуудал бол Ашигт малтмалын тухай хуулийн асуудал. Монгол Улсад үйлдвэрлэл хөгжихгүй байгаа шалтгаан бол АМНАТ-тэй холбоотой.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны Хар төмөрлөгийн дэд хорооны дарга Б.Дэлгэрсайхан "Бизнес эрхлэгчид АМНАТ-ийг өөрчлөөсэй, давхар авдаг байдлыг нэг талд нь шийдээсэй гэж хүсэж байгаа. Дагалдах элементээс АМНАТ ногдуулдаг нь ГХО-ыг боомилж байна. Имй зохицуулалт дэлхийд хаа ч байхгүй. Мөн олоогүй орлогынх нь төлөө татвар төлдөг. Монгол Улсын Засгийн газраас нэгэнт шийдсэн бол шат шатандаа хүлээн зөвшөөрдөг хуультай болох хэрэгтэй"

Тухайлбал, Байгаль орчны нөлөөлөх байдлаас болж Багийн ИНХ-аар хэлэлцүүлдэг. Үүнээс болж байгууллагууд төслөө хэрэгжүүлж чаддаггүй. Нэгэнт Монгол Улсын Засгийн газар лиценз гээд танд өгчихсөн бол лицензийг шат шатандаа хүлээн зөвшөөрдөг болмоор байна. Энэ нь Монгол Улсын нэгдмэл гэсэн статус алдагдуулж, засаг захиргааны нэгж болгон өөр өөр шийдвэр гаргаж байна. Үүнээс болж дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгөө оруулж ирж чадахгүй, төслөө хэрэгжүүлж чадахгүй байна.”

• Аж үйлдвэрийг нэг талаар хөгжүүлмээр байдаг. Нөгөө талд байгаль орчинд ноцтой асуудлууд босож ирдэг, орон нутгийн иргэд эсэргүүцдэг. Үүнээс болж төслүүд гацаж, санхүүжилтээ зогсоодог. Хөрөнгө оруулагч нараа үргээчихдэг. Үүнийг гацаахгүй ямар боломж байна вэ? гэсэн асуултад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ “2012 онд батлагдсан Байгаль орчны үнэлгээний тухай хууль гэж байгаа. Үүнд өнгөрсөн жилийн тавдугаар сараас арванхоёрдугаар сарыг дуустал хуульч, эрдэмтэн, судлаачид хуулиуд хоорондын зөрчил, хийдэл, авцалдаа, холбоог тодорхойлсон. Түрүүний хэлсэн гацдаг асуудал бол хуулийн 18 дугаар зүйлд заасан “Стратегийн үнэлгээнд олон нийтээс санал ирүүлэх хугацаа нь ажлын 30-аас дээшгүй байх бөгөөд амаар болон бичгээр санал авна” гэсэн байдаг. Мөн аймаг, сум, багаас заавал авна гэдэг. Багийн ИНХ-аар саналыг үндэслэж сумын Засаг дарга дэмжих үү, дэмжихгүй юу гэдгийг үндэслэж аймгийн Засаг дарга дэмжинэ, дэмжихгүй гэж байж үнэлгээ ордог. Тэгэхээр 2012 оны тавдугаар сарын 17-нд баталсан хуульд нэлээд зүйл орсон. Жишээ нь, Амьтны аймгийн тухай хууль, Ан агнуурын тухай хууль гэж хоёр хууль байсныг нэг болгочихсон. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тэр үед батлагдсан. Тэгэхээр хууль, эрх зүйн орчноо тодорхой болгох асуудлууд байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны гишүүн Б.Бат-Эрдэнэ "Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бүтээн байгуулалтаа явуулахын тулд, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль гэдэг ч юм уу, эрх зүйн орчин дээрээ нэг болгоё"

Жишээ нь, менежментийн төлөвлөгөө таван жилээр үнэлгээтэйгээ цуг явж байгаа ч жил болгон дахиж менежментийн төлөвлөгөө батлуулж байна. Тэгээд энэ нь тухайн сумандаа заавал бэлэн мөнгөөр байршина гэдэг. Яагаад банканд хийхгүй байна. Банкны баталгаанд итгэхгүй байна вэ. Нэг талдаа уул уурхай, аж үйлдвэржилт, Засгийн газрын стратегийг дэмжих үү, нөгөө талдаа байгаль орчноо хамгаалж авч үлдэх вэ гэдгийг хөндөж явах ёстой. Харамсалтай нь 2021 оны гуравдугаар сарын 29-нд дүгнэлт гарсан. Жишээ нь, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар ямар ч цэвдэггүй болчихсон. Аж үйлдвэржилт, хүнд, хөнгөн үйлдвэр, уул уурхай чиглэлээр явахаар энд тэндээс эзэн гараад ирдэг. Гэтэл нутаг орон нь гол, ус, мөрөн, цэвдгээ хамгаалахын тулд нэг ч дуугараагүй мөртлөө уул уурхай гараад ирэхээр миний төрж өссөн нутаг, угаасан ус минь гээд эсэргүүцдэг. Нэг талдаа “шантааж”, нөгөө талдаа үнэхээр тэгж хамгаалдаг гэдгийг үгүйсгэхгүй. Тэгэхээр аль аль талдаа тэнцвэрээ хангах, цагаан дээр хараар бичсэн хууль тогтоомжийг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд салбар хоорондын уялдаа холбоог хангах, оруулах ёстой эрх зүйн өөрчлөлтийг яаралтай хийх гэдэг зарчмыг барьж ажиллаж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тодруулга хийгээд дуусчихсан.
• Танай компанийн хувьд ойрын үед стратеги төлөвлөлтөд орчихсон томоохон төсөл юу байна вэ. Төр хэрхэн дэмжлэг үзүүлж байна, хамтрах боломжтой байна уу? гэсэн асуултад

“М-Си-Эс” группийн Захирлуудын зөвлөлийн дарга, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны гишүүн Ж.Оджаргал “Экспортыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт нөөц бололцоогоо дайчлан ажиллая гэж бодож байна. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд яах вэ гэж судлаад үзэхээр уул уурхай, ХАА-г тойрсон төсөл гэж харагдаж байгаа. Том утгаараа аж үйлдвэр, уул уурхайд чиглэсэн төсөлд дэлхийн чиг хандлагад тааруулж ногоон эрчим хүчээр хангах уу гэдэгт судалгаа хийж байна. Энэ бол амаргүй ажил. Гэхдээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэж бодож байна.”

• Дээрх хариултад УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны гишүүн Т.Энхтүвшин “Эрчим хүчтэй байж аж үйлдвэржилт явагдана. Түрүүн сэргээгдэх эрчим хүчний талаар ярьж байна. Сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулъя гэсэн компаниуд нэмэгдэж байгаа. Тиймээс энэ асуудлыг манай улс хөрөнгө оруулалтыг оруулаад сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагааг нь явуулъя. Хоёрдугаарт, хүрэн нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Хамгийн боломжтой салбар бол хүрэн нүүрсний салбар. Монгол Улс хүрэн нүүрсний хамгийн их нөөцтэй. Хүрэн нүүрс хаана байна вэ гэхээр хувийн салбарт байгаа учраас хүрэн нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулсан эрчим хүчийг цаашдаа барих ёстой юм байна” гэлээ.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны гишүүн Т.Энхтүвшин “Эрчим хүчтэй байж аж үйлдвэржилт явагдана. Түрүүн сэргээгдэх эрчим хүчний талаар ярьж байна. Сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулъя гэсэн компаниуд нэмэгдэж байгаа. Тиймээс энэ асуудлыг манай улс хөрөнгө оруулалтыг оруулаад сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагааг нь явуулъя.

Аж үйлдвэржилтийн үндэсний хороо Ажлын хэсэг гаргаж Аж үйлдвэржилтийн тухай хуулийг боловсруулж байна. Үдээс өмнөх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд болон Аж үйлдвэржилтийн хорооны гишүүд, холбогдох албаныхан нэг зүйлд санал нэгдэж байсан нь зүгээр нэг хэлэлцээд өнгөрчихгүй ажил хэрэг болгохыг зорьж байгааг хэлсэн юм.