Швед улс уран олборлох хоригоо цуцална

Э.ОД

Швед уран олборлох хоригийг цуцлах болсныг тус улсын Уур амьсгалын сайд Ромина Поурмохтари мэдэгдэж, улмаар цөмийн эрчим хүчний чадавхыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг танилцуулжээ. Уран олборлох хоригийг цуцлахыг парламент олонх төдийгүй иргэд ч дэмжиж буйг тэрээр ярьсан байна. Швед улс ойрын 20 жилд цөмийн 10 реактор барихаар төлөвлөжээ.

Дотоодод цөмийн эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц болох хууль тогтоомжийн өөрчлөлтийг Засгийн газраас хийж байгааг энэ оны нэгдүгээр сард Шведийн Ерөнхий сайд Улф Кристерссон мэдэгдсэн.

Өнөөгийн байдлаар Шведийн нийт эрчим хүчний 40 орчим хувийг цөмийн реакторуудаар хангаж байна. 1980 онд тус улсын Засгийн газар цөмийн эрчим хүчнээс татгалзах шийдвэр гаргажээ. 30 жилийн дараа буюу 2010 оны зургаадугаар сард энэ бодлогыг хүчингүй болгохоор парламент нь санал хураалт явуулсан ч дэмжигдээгүй аж.

Одоо тус улс ирэх 20 жилийн хугацаанд эрчим хүчний үйлдвэрлэлээ 2 дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа бөгөөд үүнд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Ромина Поурмохтари танилцуулгадаа дурджээ. Европын Холбооны ураны ордуудын 80 хувь Шведийн газар нутагт хамаардаг байна.