Малайз улс газрын ховор элементийн экспортыг хориглоно

Э.ОД

Малайз улс нөөцөө хамгаалах үүднээс газрын ховор элементийн (ГХЭ)экспортыг хориглох бодлого боловсруулж байгааг тус улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим мэдэгджээ. 

АНУ-ын Геологийн албаны мэдээллээр 2019 оны байдлаар Малайз улс нийт 30 мянган тонн нөөцтэй буюу дэлхийн ГХЭ-ийн нөөцийн багахан хувийг эзэлдэг. Харьцуулбал Хятад улс 44 сая тонн ГХЭ-ийн нөөцөөрөө хамгийн том эх үүсвэр юм. 

Анвар Ибрахим мэдэгдэлдээ газрын ховор элементийн үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэхэд Малайзын төр засгийн зүгээс дэмжинэ гэдгийг цохон тэмдэглэжээ. Тиймээс ховор элементийг экспортыг хориглосноор тус улсад ихээхэн үр өгөөж нэмэгдүүлнэ гэж үзэж байна. 2025 он гэхэд Малайз улсын эдийн засгийг 2 тэрбум ам.доллароор тэлж, бараг 7000 ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ. Тус улс газрын ховор элементийн эх үүсвэрийн нарийвчилсан зураглал гаргаж, олборлолт болон боловсруулалтын үйлдвэрүүдийг нэгтгэсэн бизнесийн цогц загварыг боловсруулахаар төлөвлөжээ.

Малайз улсын ГХЭ-ийн экспортыг хориг нь тус улсад ажилладаг Хятадын компаниудын үйлдвэрлэлд нөлөөлж болзошгүй гэж зах зээлийн шинжээч Аналитик Дэвид Мерриман үзэж байна.

Энэ оны эхээр Хятад улс хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг зарим металлын экспортоо хязгаарлаж буйгаа зарласан.