Дэлхийд ашиглагдаагүй зэсийн томоохон ордын нэг Удоканы уурхайн баяжмалын үйлдвэрлэлийг эхлүүлэх ёслол (2023.09.11) болжээ. Олон жил хүлээгдсэн уг төслийг ОХУ-ын хамгийн хүнд цаг үед эхлүүлж байна. Украин дахь дайны улмаас олон улс Орост хориг тогтоогоод буй энэ үед төслийн оператор “Удокан Зэс” компанид АНУ хориг арга хэмжээ авсан юм.
Удокан орд JORC стандартаар 26.7 сая тонн нөөцтэй бөгөөд зэсийн хамгийн том хэрэглэгч улс Хятадын зах зээлд ойр байршлаар онцлог. Боловсруулах үйлдвэр нь 40-45 хувийн зэсийн агууламжтай баяжмал үйлдвэрлэнэ гэж төслийг хэрэгжүүлэгч компани мэдээлжээ. Металлургийн үйлдвэрийн эхний шат 2024 онд ашиглалтад орсноор жилд 15 сая тонн хүртэл хүдэр боловсруулах аж. 2028 он гэхэд Удоканы металлургийн цогцолборын хоёр дахь шатыг барьж, жилийн хүчин чадлаа 24-28 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ. Улмаар жилд 474 мянган тонн катодын зэс, дагалдах 277 тонн мөнгө үйлдвэрлэх юм байна.
Тус ордыг анх 1949 онд нээснээс хойш огт ашиглаагүй ирсэн нь дэд бүтцээс алслагдмал, олборлоход хүнд нөхцөлтэй холбоотой байжээ. 2008 онд Оросын Засгийн газраас зарласан тендерт Удоканы ордыг ашиглах эрхийг 500 сая ам.доллароор тус улсын тэрбумтан Алишер Усманов худалдаж авсан байдаг. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 10 гаруй жил зарцуулсан.
Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ОХУ-ын дотоодын зэсийн нийт хэрэглээний 15 хувийг дангаар хангах төсөөлөлтэй байна. Нөөцийн хэмжээгээр тус улсын зэсийн хамгийн том ордод тооцоогддог.