Өнөөдөр (2023.09.20) Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллах үеэр иргэдийн эсэргүүцэлтэй тулсан хоёр төслийн талаар тайлбарыг ЗГХЭГ-ын дарга С.Амарбаясгалан хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллах үеэр нутгийн иргэд Халзан бүрэгтэй төсөл ард түмний зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн зүйлийг ярьсан. Энэ асуудлыг УУХҮ-ийн сайд шийдэх үүрэг авсан. Ингээд ирэх 7 хоногт нь Засгийн газрын хуралдаанаар нутгийн иргэд дэмжээгүй төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн.
Тэрээр "Халзан бүрэгтэй төсөл Засгийн газрын бодлогод орж хэрэгжих боломжгүй байна. Тухайн төслийн аж ахуйн нэгж ард иргэдтэй уулзаж, ярилцах ёстой. Нэгэнт иргэд эсэргүүцэж байгаа тохиолдолд аж ахуйн нэгж хүчилж хийх боломжгүй. Бид улс орны эрх ашгийг ярих ёстой. Уул уурхайн салбарыг хариуцлагатай, илүү үр өгөөжтэй байх бодлогыг Засгийн газар бүх талаар дэмжинэ. Харин иргэд буруу ойлголттой, тухайн төслийг дэмжихгүй гэж байгаа бол Засгийн газар хүчлэх боломжгүй. Энэ Засгийн газар ард түмнийхээ дуу хоолойг сонсож байх ёстой гэсэн зарчмаар ажиллаж байна.
Дараагийн асуудал бол Дорноговь аймгийн "Эрдэнэс Баянбогд" ХХК-ийн нүүрсний ордтой холбоотой асуудал иргэдийн эсэргүүцэлтэй тулсан.
Нэгт, Дорноговь аймгийн төвтэй ойрхон байна. Хоёрт, нутгийнхны шүтдэг Баянбогд хайрхан энэ газрын бүрэлдэхүүнд орчхоод байгаа учраас нутгийн иргэд хайрхнаа ухуулахыг хүсэхгүй байна гэсэн. Ерөнхий сайд газар дээр нь үүрэг өгсөн. Баянбогд хайрхны эргэн тойрон дахь талбайг улсын тусгай хамгаалалтад авах саналыг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барья гэдэг шийдвэрт хүрсэн.
Засгийн газар уул уурхайн төслийг хэрэгжүүлэхгүй гэсэн бодлого байхгүй. Харин хариуцлагатай, улс орон, орон нутагт өгөөжтэй бол бодлогын түвшинд дэмжинэ" гэв.