Монгол Улс Евроазитай холбосон тээврийн сүлжээтэй болох зорилгоор "Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв" төслийг "Монголын төмөр зам" ТӨХК, "Тяньжин порт групп" ХХК-ийн удирдлагууд (2023.06 сар) хэлэлцсэн. Тус төслийг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар болсон юм. Энэхүү ажлыг ахиулахаар Тяньжин хотын төлөөлөгчтэй уулзалт хийжээ. Уулзалтад ЗТХ-ийн сайд С.Бямбацогт тэргүүтэй яамны удирдлагууд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагч нар БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авсан байна.
Одоогийн хүчин чадлаар ОХУ-аас БНХАУ руу 3-4 хоног, БНХАУ-аас ОХУ руу 4-5 хоног транзит тээвэр хийж байна. Он гарснаас хойш БНХАУ-аас Европын орнууд руу, ОХУ-аас БНХАУ руу дамжин өнгөрөх тээвэр өссөн үзүүлэлтэй байгаа юм.
“Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” байгуулагдсанаар транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх нөхцөл бүрдүүлэх юм.