od@mininginsight.mn
Майнинг Инсайт сэтгүүл №04 (017), Дөрөвдүгээр сар, 2023
- Улсын төсөв дэх эрдэс баялгийн салбарын орлогын 1 хүрэхгүй хувьтай тэнцэх хөрөнгийг жилдээ хайгуулын салбарт зарцуулж байна -
Монголын геологийн салбарын нөхцөл байдал тун ч бүрхэг. Уул уурхайгаасаа түрүүлж явах учиртай ашигт малтмалын нөөцийн эрэл, хайгуулын судалгаа үндсэндээ зогсонги байна. Хайгуулын лицензийн тоо цөөрсөн, хөрөнгө оруулалт татарсан, улсын эрдсийн сангийн нөөц буурсан, боловсон хүчин хомстсон. Ийм нөхцөлд уул уурхайд түшиглэсэн манай улсын хөгжлийн бодлого үр дүнтэй хэрэгжих эсэх нь эргэлзээтэй юм.
“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 4.2.24-д “Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх” зорилт дэвшүүлсэн. Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийн 3.1-д ”Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлж эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулах”-ыг зорьж байгаа. Сүүлийн арван жилд Монголын эдийн засаг 10 тэрбум ам.доллар хүрч тэлсэн. Энэ өсөлтөд нөлөөлсөн хоёр том төсөл бол Оюутолгой, Тавантолгой юм. Үндсэндээ 1982 оноос эхтэй 20 гаруй жил үргэлжилсэн геологийн суурь судалгаагаар Оюутолгойн ордыг нээсэн бөгөөд эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулах гүний уурхайн олборлолт дөнгөж энэ оноос эхэлж байна. Тэгвэл Тавантолгой ордыг ашиглалтад оруулахад 40 жил шаардагджээ. Геологийн судалгаа, хайгуулын ажил уул уурхайгаасаа 20-30 жилээр түрүүлж явахын учир энэ.
Улсын төсөвт оруулах эрдэс баялгийн салбарын орлого жилээс жилд нэмэгдэж байна. 2022 онд эрдэс баялгийн салбараас татвар хэлбэрээр 4.4 орчим их наяд төгрөгийг бүрдүүлсэн. Харин үүний 1 хүрэхгүй хувьтай тэнцэх хөрөнгийг жилдээ хайгуулын салбарт зарцуулж байна.
Өнгөрсөн жил хайгуулын салбарт 27.7 тэрбум төгрөг зарсан. Энэ жил хайгуулын салбарт 23.5 тэрбум төгрөг төсөвлөснөөс 6 тэрбумыг 1:50000-ны масштабын геологийн зураглалын ерөнхий эрэл, 7.9 тэрбумыг сэдэвчилсэн судалгаа, 9 тэрбумыг эрэл үнэлгээний ажлуудад зарцуулна. Өнөөдөр манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь ойн сан, улсын тусгай хамгаалалттай, орон нутгийн хэрэгцээт, хилийн бүсийн газрууд, мөн “Урт нэртэй” хуульд хамаарч байна. Эдгээр нь уул уурхайтай холбоотой ямар ч үйл ажиллагаа, геологи хайгуул хийх боломжгүй газар нутаг юм. Хэрэв ашигт малтмалын хэтийн төлөв бий гэж үзвэл улсын төсвийн хөрөнгөөр геологи хайгуулын ажил хийнэ. Ингэхдээ алт, зэс, өндөр технологийн түүхий эд гэх мэт эдийн засгийн нэн ач холбогдолтой ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлыг төрийн өмчит компаниар гүйцэтгүүлэх зохицуулалтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгажээ.
Гэтэл өнөөгийн байдлаар 1:50000 масштабтай геологийн зураглалаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 хувь бүрхэгдэж буй. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийн мэдээлэл ийм хэмжээнд байна гэсэн үг. Геологийн судалгаа, зураглалын ажлын цар хүрээ, санхүүжилтийг нэмэгдүүлж, чанартай үр дүнгүүд гаргахын тулд хайгуулд хөрөнгө зарцуулах ёстой. Тэгж гэмээн геологийн мэдээллийг бий болгоно. Тэр мэдээлэл дээр хөрөнгө оруулагч орж ирнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц Монголын давуу тал бол эрдэс нөөцийн талаасаа бүрэн судлагдаагүй орон. Бодлого тодорхойлогчдын зүгээс ч гаднынханд хайгуулын салбараа онцолж, дараагийн Оюутолгой, Тавантолгой ордыг нээх боломжийг сурталчилж яваа. Геологийн хайгуул гэдэг нь хөрөнгө санхүү шаарддаг хэрнээ шууд зардлаа “нөхдөггүй” учир эрсдэлтэй бизнест тооцогддог. Тиймээс улсын төсвийн санхүүжилтээс илүүтэй гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой салбар юм.
Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилсэн 1997 оноос хойш гадаад дотоодын нийт 3 их наяд төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар хайгуулын ажил хийгдэж манай улсын эрдсийн нөөцийг нэмэгдүүлж иржээ. Хамгийн олон лиценз олгогдсон 2005 он хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 5000 дөхөж газар нутгийн 40 гаруй хувийг хамарч байв. Үр дүнд нь өнөөгийн хэрэгжиж байгаа алтны Баян Хөндий, Хан Алтай, ураны Зөөвч-Овоо, Дулаан Уул, зэсийн Хармагтай, газрын ховор элементийн Халзан бүрэгтэй гэх мэт ордыг нээсэн. Хайгуулын хөрөнгө оруулалт 326 тэрбум төгрөгт хүрсэн түүхэн үзүүлэлт огцом уруудаж хоёр дахин хумигдсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг “хязгаарласан” хууль батлагдсан жил тохиосон юм. Тэр цагаас хойш хайгуулын хөрөнгө оруулалт оргил хэмжээндээ дахиж хүрээгүй. 2016 оны ялимгүй өсөлтийг эс тооцвол өнөөг хүртэл тасралтгүй буурсаар буй. Эдүгээ хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 5 дахин цөөрөөд байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 2.6 хувьд хайгуулын 870 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээр тусгай зөвшөөрлийн хугацаа ойрын 3-4 жилд дуусахад Монголд эрдсийн хайгуулын тухай ойлголт үгүй болох эрсдэлтэйг салбарынхан анхааруулж байна. Манай улс хайгуулын тусгай зөвшөөрлийг ор тас хориглож, дараа нь өргөдлийн журмаар цахимаар, тэгээд зөвхөн сонгон шалгаруулалтаар олгож байна.
Өнгөрсөн оны сүүлчээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг цахимаар явуулж эхэлсэн. Цахим руу шилжүүлснээр энэ онд 400, ирэх жилд 500-гаар хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо нэмэгдэх төлөвийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Геологийн улсын зөвлөгөөн 2023”-ын үеэр танилцуулсан.
Улс орноо урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах геологи хайгуулын салбарын эрч саарах хандлагыг Салбарын сайд өөрөө ч хүлээн зөвшөөрч байв. Нэг талаас хөрөнгө оруулалт буурсантай холбож болох ч цаад агуулгаараа хайгуул судалгааны ажил хангалттай түвшинд хийгдэж чадахгүй байгаа нь хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчны тогтворгүй байдал гэж тэрээр үзэж байна.
Геологи нь бүхэлдээ газрын хэвлийг судалдаг шинжлэх ухааны салбар бөгөөд тэрхүү мэдээлэлд тулгуурлан олон салбар хөгждөг. Тэр дотор ашигт малтмалын эрэл, эрдэс нөөцийн чадавхыг тодорхойлдог хайгуулын салбар багтдаг. Энэ агуулгаараа Газрын хэвлийн тухай хуулийг геологийн салбарын гол хууль гэх нийтлэг байр суурь геологичдод бий. Газрын хэвлийн баялгийг Ашигт малтмалын, Усны, Газрын тосны, Цөмийн энергийн, Түгээмэл тархацтай ашигт малтмал зэргээр тус тусад нь хуульчилснаас үүдэн геологийн салбарын эрх зүйн орчин тодорхой бус явж ирснийг тэд шүүмжилдэг.
Зөвлөх геологич О.Чулуун “Геологи хайгуулын салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх цаг болсон. Ашигт малтмалын тухай хуульд геологийн салбар бүхэлдээ багтсан гэж ойлговол өрөөсгөл. Энэ хуульд салбар болон геологичдын эрх ашгийг хөндсөн зохицуулалт тун бага. Геологичдыг Ашигт малтмалын тухай хуулийн төслийн Ажлын хэсэгт оруулдаггүй. Цагийг нь тулгаж хэлэлцүүлж байгаа энэ хуулийн төсөлд геологичид сэтгэл дундуур байна” гэж хэлж байна.
Канад, Австрали, Орос, Хятад Казахстан зэрэг орнуудад ганц Газрын хэвлийн хуулиар ус, газрын тос, бүх төрлийн ашигт малтмалыг хайгуулын үйл ажиллагаатай нь хамтатган зохицуулдаг туршлага Монголд яригддаг. Тэгвэл Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Казахстаны Газрын хэвлийн хуультай харьцуулалт хийж, санаа авчээ. Тус улсын хууль нь Австралийн ашигт малтмалын хуультай адил болохыг УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга тайлбарласан. Түүний мэдээлснээр, хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон болон өргөдлөөр олгох, олон улсын тэргүүн туршлагад нийцүүлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохын өмнө уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах, эрх бүхий байгууллагаар хянуулж батлуулах зохицуулалт Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оржээ. Уг хуулийн төсөлд тусгасан Уул уурхайн судалгаа хөгжлийн төв байгуулахыг геологичид дэмжихгүй байна. “Уул уурхайн хөгжлийн төв гэсэн шинэ байгууллага байгуулахаар хуулийн төсөлд оруулжээ. Энэ нь төрийн, ТББ, төрийн өмчит хуулийн этгээд байх статусыг тодорхой тусгаагүй ч санхүүжих эх үүсвэрийг хуульчилсан байна. Геологи хайгуулын үр дүнгийн тайлан, ТЭЗҮ-д шинжээчээр ажиллах, шүүмж хийх орлогоос санхүүжихээр зохицуулжээ.
Салбарт ажиллаж байгаа олон мянган геологич, хайгуулчдын эрх ашиг тодорхой хэмжээгээр хөндөгдөж болзошгүйг анхаарах хэрэгтэй” гэсэн байр суурийг геологич С.Батарцогт “Монголын геологи хайгуул ROUNDUP” хурлын үеэр илэрхийлсэн юм. Геологийнхны хувьд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаас өмнө Газрын хэвлийн тухай болон бусад хуулиудаа шат дараатай авч үзэх хэрэгтэй гэдэгт санал нэгджээ.
Монгол Улсын геологийн салбарт эрх зүйн орчин тодорхой бус, хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц мэдээлэл, хайгуулын талбай хомс, жилээс жилд хайгуулын тусгай зөвшөөрөл цөөрснөөс гадна боловсон хүчний залгамж халаа тасалдах эрсдэл нүүрлээд байна. Ажлын олдоцоос шалтгаалан мэргэжлийн бус ажил хийх нь ихэссэнийг ч салбарынхан нуусангүй. Суралцах оюутны тоо ч эрс цөөрчээ. МУИС-ийн геологи, геофизикийн ангид нийт 101 оюутан, ШУТИС-ийн геологийн мэргэжил олгодог 4 ангид нийт 80 хүрэхгүй оюутан суралцаж байна. Сүүлийн 15 жилийн үзүүлэлтээр геологийн салбарт бэлтгэгдсэн мэргэжилтний тоо өнөөдөр 3 дахин буурчээ. Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын суурийг нөхцөлийг бүрдүүлдэг геологи хайгуулын салбарын өнөөгийн бодит төрх ийм байна.
УУХҮЯ-наас хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт гэсэн бодлого барин ажиллаж байна гэдэг. Үүний хамгийн эхний үе шат геологи хайгуулын салбартаа нэн тэргүүнд анхаарахгүйгээр энэ концепци цогцоор хэрэгжих боломжгүй юм. Хайгуулын салбарын уналт цааш үргэлжилбэл ирээдүйн боловсон хүчин, ажлын байр төдийгүй цаашлаад төсвийн болон экспортын орлого, улсын валютын нөөц зэрэг макро үзүүлэлтүүдэд үзүүлэх нөлөөнүүд нь гинжин урвалаар тархах үр дагавартай. Гадаадын хөрөнгө оруулалт татах тухай яриад ч нэмэргүй. Дараагийн Оюутолгой, Тавантолгойг нээх боломж бүр ч үгүйг геологичид хэлж байна. Геологи хайгуул бол уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах суурь салбар. Гэвч олон жилийн өмнөөс уруудсан үзүүлэлт, удаан үргэлжилсэн үйл явцаар өнөөдөр энэ салбар ийнхүү хумигдаад байна.
Майнинг Инсайт сэтгүүл №04 (017), Дөрөвдүгээр сар, 2023
3 Сэтгэгдэл