БИРЖИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ₮1.4 их наядад хүрлээ

2025 оны эхний хагас жилд Монголын хөрөнгийн биржээр 1.4 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий 5.3 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжлаа. Үүнд:

  • Нүүрс ₮623 тэрбум/2.3 сая тонн, дундаж үнэ ₮270.8 мянга,
  • Төмрийн хүдэр, баяжмал ₮648.2 тэрбум/2.9 сая тонн, дундаж үнэ ₮223.5 мянга,
  • Хайлуур жонш ₮17.7 тэрбум/18.2 мянган тонн, дундаж үнэ ₮972.5 мянга,
  • Зэс ₮140.7 тэрбум/18.1 мянган тонн, дундаж үнэ ₮7.7 саяар тус тус арилжсан байна. 

Оны эхний хоёр улиралд 174 амжилттай арилжаа явагдлаа. Нийт амжилттай арилжааны 55 буюу 31.6 хувийг  нүүрс, 76 буюу  43.6 хувийг төмөр, 6 буюу 3.4 хувийг хайлуур жонш, 4 буюу 2.3 хувийг зэс тус тус эзэлж байна. 


Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амжилттай арилжааны тоо 165-аар, биет хэмжээ 10.2 сая тонн, амжилттай арилжааны мөнгөн дүн 4.7 их наяд төгрөгөөр тус тус буурчээ.

Нүүрсний арилжааны биет хэмжээний 56.5 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 19.7 хувийг “Тавантолгой” ХК, 14.7 хувийг “Хангад Эксплорэйшн” ХХК, 7.5 хувийг “Энержи Ресурс” ХХК  3.3 хувийг “Андын Илч” ХХК тус тус эзэлж байна. 


Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны биет хэмжээний 19.6 хувийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын Fe-52% төмрийн хүдэр, 6.6 хувийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын Fe-65% төмрийн баяжмал, 73.8 хувийг “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн Fe-58% төмрийн баяжмал гэсэн бүтээгдэхүүн тус тус бүрдүүлжээ. 

Хайлуур жоншны арилжаанд “Эрдэнэс Критикал Минералс“ ТӨҮГ, “Очир Мандал Хайрхан” ХХК тус бүр хоёр бүтээгдэхүүнээр оролцож байна. Тухайлбал, 

  • “Эрдэнэс Критикал Минералс“ ТӨҮГ 6.6 мянган тонн CaF2 97% хайлуур жоншны баяжмалыг 9.2 тэрбум төгрөгөөр, CaF2-95% хайлуур жоншны баяжмалыг 7.1 тэрбум төгрөгөөр, 
  • “Очир Мандал Хайрхан” ХХК 3445 тонн СaF2<42% хайлуур жоншны хүдрийг 1 тэрбум төгрөгөөр, ”CaF2<52% хайлуур жоншны хүдрийг 780.7 сая төгрөгөөр тус тус арилжжээ. 

Зэсийн арилжаанд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал гэсэн бүтээгдэхүүнээр оролцож байна. Он гарснаас хойш 4 амжилттай арилжаагаар 18.1 мянган тонн бүтээгдэхүүнийг 140.7 тэрбум төгрөгөөр арилжсан байна. 


Тайлбар: Ам.доллар, юанийг 2025.06.28-ны өдрийн Монголбанкны ханшаар хөрвүүлэв.