Н.Учрал: Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 13-30 хувиар буурна гэсэн тооцоолол гарсан

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал танилцууллаа. 


Тэрээр хэлэхдээ, “Нүүрсний үнэ багассан. Нүүрсний орлого одоогийн байдлаар 39 хувиар буурсан. Нүүрс хэдээр гарч байгаа вэ гэдгийг өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар dashboard.e-mongolia.mn-ээр бүх сайд нар бодит цагаар хардаг болсон. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ 71 ам.доллар байна. Бид нүүрсний үнийг 80 ам.доллароор тооцсон хэт өөдрөг төсөөлөл байсан. Үнэ буурахаар татвар тэр хэмжээгээр багассан. Ялангуяа уул уурхайн салбарт АМНАТ-ийн төлөлтөөс гадна нийт хэмжээ багассан. Үүнийг дагаад төсөв хүндэрсэн, төлбөрийн тэнцэл алдагдалтай болсон. Ам.доллароор олдог нь гардгаас бага болсон. Үүний дагаад энэ жилийн Төсвийн хүрээний мэдэгдлийг хөндөөд зогсохгүй ирэх жилийн буюу тавдугаар сарын 31-нд УИХ-аар баталсан ирэх жилийн Төсвийн хүрээний мэдэгдлийг тодорхой өөрчлөлт хийх, тоог өөрчлөх шаардлага үүссэн. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнийг тооцоолдог Блүүмбергийн терминалд гэхэд нийтдээ 14 байгууллага үнийн төсөөллийг гаргадаг. Цаашид дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 13-30 хувиар буурна гэсэн тооцоолол гарсан. Тиймээс 2026 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг эргэж харах зайлшгүй шаардлагатай. Төсвийн орлогыг 33.5 их наяд төгрөг байна гэж тооцсон ч бараг 3.3 их наядаар багасах болж байна. ЭЗХЯ-наас экспортын бүтээгдэхүүний үнэ, макро үнийг тодорхойлж Сангийн яаманд хүргүүлсэн. Энэ жилийн хувьд орлого 3.3 их наяд төгрөгөөс тасарч байгаа учраас зарлагаа 2.3 их наяд төгрөгөөр танаж байна. Төсвийн тэнцлийг танаж, тодотгоно” гэв.